
Сүүлийн жилүүдэд хүний буруутай үйл ажиллагаатай холбоотой уур амьсгалын өөрчлөлт гэрлийн хурдаар өсч тэр хэрээр байгалийн гамшигт үзэгдэл нэмэгдэж олон мянган хүн амь нас, эд хөрөнгөөрөө хохирч байгаа билээ. Иймд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь хүн бүрийн оролцоо чухал. Чухамдаа үүнд иргэдийн анхаарлыг хандуулах зорилготой “Эх дэлхийн цаг” арга хэмжээг Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гаас анх санаачлан хэрэгжүүлж байгаа билээ. Анх 2007 оноос эхэлсэн уг арга хэмжээ эдүгээ дэлхийн олон орны иргэдийн байгаль, эх дэлхийнхээ төлөө зүрх сэтгэлээ нэгтгэх том кампанит ажил болж өргөжөөд байна. Эх дэлхийн цагийн гол зорилго нь гэрэл унтрааж, цахилгаан хэмнэхдээ бус, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хүний оролцоо чухал, хүн бүр хувь нэмрээ оруулбал эх дэлхийгээ аврах боломж бий гэдэгт олон нийтийн анхаарлыг хандуулахад оршдог.