
Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат Ц нь өнгөрсөн оны тавдугаар сард тус сумын нутаг Бор дов гэх газраас Монгол Улсын ховор амьтдын жагсаалтад орсон халиун буга агнажээ. Улмаар цусан эвэр, чив сүүлийг нь авч сумынхаа Г гэгч бүсгүйд 60 мянган төгрөгөөр худалдсан аж. Харин Г нь худалдаж авсан түүхий эдээ ченж С.Бямбадоржид 300 мянган төгрөгөөр борлуулжээ. Энэ үеэр цагдаагийнхан арьс ширний ченжүүдийг шалгаж, хууль бусаар агнасан ховордсон ан амьтны гаралтай түүхий эд авсан байхыг илрүүлэн эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Шалгалтын явцад С.Бямбадорж нь Хөвсгөл аймгаас бугын чив дөрөв, Дорнод аймгаас чив, сүүл, ясан эвэр, Өмнөговь аймгаас шилүүсний арьс гурав, "Эмээлт" түүхий эдийн захаас хүдрийн заар дөрөв, бугын цусан эвэр 10 ширхэгийг худалдан авч борлуулах гэж байсан нь тогтоогджээ. Мөрдөн байцаалтын явцад шинжээч томилон экологи, эдийн засгийн үнэлгээг нь тогтоолгоход 209 сая гаруй төгрөг болсон гэнэ. Ингээд энэ хэргийг Баянзүрх дүүргийн шүүх анхан шатны журмаар шийдвэрлэсэн бөгөөд учирсан хохирлоос Ц, Г нараар тус бүр 13.2 сая төгрөгийг төлүүлэх, 209 сая төгрөгийг түүхий эдийн ченж Б-гээс гаргуулахаар шийдвэрлэжээ. Мөн Б-д гурван жил, хууль бусаар буга агнасан Ц-д хоёр жил хорих ял оноосон бол Г-д дөрвөн сар баривчлах ял оноов. Ийн хууль бус ан агнасан хүмүүст ямар өндөр шийтгэл ноогдуулдгийг энэ хэрэг харуулж байгаа биз ээ.
Сэтгэгдэл (4)