
Монгол орныхоо байгалийн сайхныг унаган төрхөөр нь үр хойчдоо өвлүүлэх нь чухал. Энэ нь газар нутаг, уул усаа хааж хашихаас өөр ойлголт юм. Иргэд, үр хүүхдүүддээ бид байгалийн сайхныг мэдрүүлэх учиртай. Сайхныг нь мэдэрч, бахархаж байж хамгаална. Өнгөрсөн зун Богд ууланд явган аяллын таван маршрут гаргаж, зам жимийг цэвэрлэж, хаяг тэмдэглэгээ тавьж, амрах цэг, сүүдрэвч, цайлах ширээ сандал, бие засах газар, хогийн сав байрлуулсан. Зураг авах, бичлэг хийх боломж бүхий талбай гаргасан. Энэ жимээр нийслэлийн 1000 багш сая алхлаа. Нутаг орондоо аяллын ийм чиглэл гаргах нь зүйтэй гэж Ерөнхий сайд байгаль хамгаалагчдад хэллээ.
Засгийн газар, БОНХЯ-наас ойн цэвэрлэгээг эхлүүлэхээр төлөвлөж байна. Монгол Улс жилд 600 гаруй мянган метр куб мод хэрэглэдэг. Гэтэл 64 сая метр куб мод унанги болчихсон өмхөрч байна. Ийм нөөцөө ашиглах зохион байгуулалт хийхгүй байна. Засгийн газар, БОНХЯ-наас ойн цэвэрлэгээг эхлүүлэх гэж байна. Унасан модыг цэвэрлэх нь ойн өсөлтөд эергээр нөлөөлнө. Энэчлэн үйл ажиллагаандаа шинийг эрэлхийлж, сэтгэл гарган ажиллах учиртай гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.