
Гадаадаас ажиллах хүч оруулж ирдэг компаниуд хуурамч баримт бүрдүүлдэг гэх мэдээллийг Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ. Улмаар зарим компанид эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Энэ хэрэгт дүүргүүдийн Хөдөлмөрийн хэлтсийн ажилтнууд ч холбогдож болзошгүй байгаа гэдгийг ч эх сурвалж хэлж байна. Энэ хэрэгт Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах албаны ажилтнуудын ч нэр холбогдсон бололтой. Тодруулбал, тус албаныхан аж ахуйн нэгжүүдэд зөвшөөрөл олгохдоо тухайн байгууллагын нийт ажиллагсдын тоонд эзлэх хувийг тооцох ёстой. Гэтэл үүнийг үл ойшоон, дүүргүүдийн Хөдөлмөрийн хэлтэстэй байгуулсан хамтран ажиллах гэрээ гэх хууль бус бичиг баримтад үндэслэн, гадаад ажилчдад Монгол Улсын нутагт хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгож байжээ. Юутай ч эдгээр ажилчидтай холбоотой хэргийг УМБГ-т шалгаж байгаа гэх мэдээлэл цацагдлаа.
Д.Дуулим