
Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад, "Нас барсан дөрвөн иргэн 28-65 насны эрэгтэй хүмүүс байсан. Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хэлтсээс тухайн хэрэг дээр шуурхай ажиллаж эхний нас барсан хоёр хүний дараа нас барсан хоёр хүнээс тайлбар мэдүүлэг авч амжсан байгаа. Эдгээр иргэд нас барахаасаа хоёр, гурван хоногийн өмнө "Арслант" гэх архийг уусан байгаа юм. Мөн тус сургалтын төвд байрлаж байхдаа эмнэлгийн зориулалтын цэнхэр спирт хэрэглэж байгаа тухайн сургалтын төвийн жижүүрт баригдсан байсан. Юутай ч энэхүү архийг үйлдвэрлэсэн хоёр иргэнийг цагдаагийн газраас саатуулан шалгаж, 200 гаруй архийг нь хураан авсан" гэв.

Тэгвэл хуурамч архи үйлдвэрлэдэг газруудыг ийм ноцтой асуудал гаргахаас нь өмнө шалгаж байсан эсэхийг МХЕГ-аас дахин тодруулахад "Тусгай зөвшөөрөлтэй архины үйлдвэрүүдэд л эрсдэлд суурилсан шалгалт хийдэг. Харин нууцаар, хууль бусаар үйлдвэрлэл эрхэлж байгаа газруудад хяналт тавьж чаддаггүй. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн оноос эхлээд хэрвээ та хүнсний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа бол бүтээгдэхүүнийхээ чанар аюулгүй байдлыг өөрөө хариуцаж ажиллах ёстой. Мэргэжлийн хяналтын байгууллага бол нэгбүрчлэн хяналт шалгалт хийгээд байх боломж байхгүй. Эрсдлийг нь тогтоогоод, эрсдлийг арилгахаар ажилладаг зарчимтай болсон. Тэгэхээр иргэд ч өөрсдөө худалдан авч байгаа зүйлдээ хяналт тавих хэрэгтэй юм" гэв.
Нөгөө талаас тэдгээр иргэд ер нь архи хэтрүүлэн хэрэглэдэг байсан. Архинаас гадна тухайн өдөр цэнхэр өнгөтэй шингэн ууж байсан гэж мөрдөн байцаагчдад гэрчүүд мэдүүлжээ. Тэгэхээр тэдний үхлийн шалтгааныг дан ганц архитай холбож ойлгох боломжгүй гэж албаныхан үзэж байгаа юм.
Амьдрах ухаан сургалт, үйлдвэрлэлийн тусгай төвд нийслэлийн зургаан дүүрэг, 21 аймгийн орон гэргүй ажил мэргэжилгүй, архи уудаг нийгмийн эмзэг бүлгийнхэн ханддаг байна. Тус төв тэднийг хооллох, долоо хоногт нэг удаа сургалт явуулах, хоноглуулах зэрэг нийгмийн үйлчилгээ үзүүлдэг аж. Тэд улсаас мөнгө авч дээрх үйлчилгээг иргэдэд үзүүлдэг байна.
Дашрамд хэлэхэд, өнгөрсөн жил тусгай зөвшөөрөлтэй 145 аж ахуй нэгж байснаас одоо 95 нь үйл ажиллагаагаа явуулж байгаа. Үүнээс 50 аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцалсан байна. Харин хамгийн эрсдэлтэй хэсэг болох хотын захын дэлгүүрүүдэд бараагаа борлуулдаг хуурамч гарал үүсэл нь тодорхойгүй спирт түүхий эд хэрэглэдэг газрууд яг хэд байгаа талаарх мэдээлэл өнөөдөр Мэргэжлийн хяналтын байгууллагад алга байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (15)