
Дорноговь аймгийн төв Сайншанд суманд өнгөрсөн онд хүн амины ноцтой гэмт хэрэг гарсан байдаг. Тодруулбал, Сайншанд сумын 1 дүгээр сургуулийн урд талаас цусандаа хутгалдан үхлүүт хэвтэх нэг эрэгтэйг эргүүл хийж явсан тус аймгийн Цагдаагийн газрын алба хаагч олон, улмаар эмнэлэгт хүргэсэн боловч их хэмжээний дотуур цус алдалттайгаас эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан байна. Хохирогч олдох үедээ хоёр гуталгүй байсан ба тэрээр нас барахаасаа өмнө “Намайг машин дээрээс шидчихлээ” хэмээн хэлж байжээ. Эх сурвалжын мэдээлж байгаагаар хохирогч нь Дорноговь аймгийн Сайхан-дулаан сумын иргэн ба хэрэг гардаг орой хотоос ирсэн аж. Тухайн гэмт хэрэгтэн олдоогүй эрэн сурвалжилж байна гэж байсан ч гэмт этгээдийг баривчилсан байна. Улмаар гэмт этгээд болон түүний өмгөөлөгч шүүхэд гомдол гаргаснаар хэргийг дахин нягтлахаар болсон байна. Хэрэгтэн А-д холбогдох хэргийг энэ сарын 26-нд Дээд шүүхээр хэлэлцэнэ.
Д.Ундрах /24tsag.mn/