
Цагдаагийн байгууллага тус төвд үзлэг, шалгалт хийж урдчилсан байдлаар дөрвөн иргэнийг “Арслант” хэмээн архинд хордсон байж магадгүй гэж тогтоож тус архийг үйлдвэрлэсэн гэх хоёр иргэнийг саатуулан шалгаж байгаа ажээ. Мөн талийгаач нарыг эмнэлэгийн “цэнхэр” спирт уусан гэх мэдээлэл байгаа юм байна. “Амьдрах ухаан” төвд дүүргийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч, онцгой байдлын байцаагч нарын мэргэжилтнүүдийн баг ажиллаж, үзлэг хийсэн бөгөөд хоол хүнс, усны дээжээс шинжилгээ авсан байна. Мөн тус байранд хоноглохоор ирсэн орон гэргүй хүмүүс, хамгаалагч болон төвийн ажилтнуудад байсан архи, согтууруулах ундааг хураан аваад байгаа талаарх албаны мэдээ байна.Мэдээж хэрэг гэмтэй "арслант"-аас гадна гэмгүй бүх дэлгүүр, бааруудыг шалгах ажил орон даяар өрнөлөө. Үе үе сүржин явагддаг эдгээр шалгалтын үр дүнд төдөн баарыг хаалаа гэхээс цааш архидалт буурсан бодитой үр дүн огт гардаггүй.
Өнгөрсөн хугацаанд архины тухай олон хууль УИХ –д өргөн баригдсан ч томоохон компаниудын лоббид автаж дэмжигдэхгүй явсаар өдийг хүрснийг эх сурвалж мэдээллэж байна. Учир нь архины хяналтын тухай хууль гарвал хамгийн түрүүнд архи үйлдвэрлэгчдэд үзүүлэх төрийн дарамт нэмэгдэнэ, нийгмийн хариуцлага өндөрсөнө, татвар өсөн, хяналт стандарт чангарна. Харин энэ өөрчлөлт архи үйлдвэрлэгчдэд хэнд ч таатай биш учраас тэд архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, архины хяналтын тухай хуулийг батлахад хүчтэй лобби үүсгэн хориг тавьдаг гэдэг. Томоохон архи үйлдвэрлэгчид гэдгийг цаана АПУ, Эм Си Эс тэргүүтэй компаниуд багтаж байдгийг ч эх сурвалж онцолсон. Тиймээс тэдэнд архидалтын гол хариуцлага, хор уршгийг дэлгүүр бааранд үүрүүлээд өөрсдөө тэдний халхавчинд нуугдаж хяналтгүй их хэмжээгээр архиа үйлдвэрлэж бага татвараа төлж суух нь ашигтай байдаг ажээ. Шөнийн 00 цагаас баар цэнгээний газар, дэлгүүрийг хэдэн зуугаар нь хаасан ч архийг нь үйлдвэрлээд байхад эрэлт нь буурахгүй байх нь хэнд ч ойлгомжтой. Дөрвөн хүн нэгэн зэрэг нас барж, хэвлэл мэдээллийн хэрэгслийн хараанд өртсөн болохоор л нийгэм ингэж хүндээр хүлээж авч байгаа хэрэг. Үнэн хэрэгтээ архинд хордож нас барагсдын тоо огт буурахгүй байгааг хууль хяналтынхан хэлдэг. Цэнхэр спирт, техникийн спиртэд хордсон тохиолдол үүнээс илүү олон байдаг.Амьдралд нийцээгүй архины хуурай хуулийн уршгаар архидалт хяналтнаас гарч зочид буудал, ахун хүрээнд шилжээд байсан. Шийдвэр гаргагчид үйлчилгээний газрын эрх чөлөөг хангаж, хяналтыг сайжруулж, ард иргэдээ уух ёстой газар нь соёлтой уух нөхцлийг нь хангахын оронд харин ч хуурай хяналтаа улам чангатгасаар ирсэн. Үүн дээр тамхины хяналтын хууль гарч ирснээр архи тамхи хослуулан хууль бусаар зардаг дамийн наймаа эргэж сэргэхэд хүрээд байна. Тодруулбал дэлгүүр, баарны гадаа таксинаас архи, пиво, тамхи худалдаалдаг болсон байна. Тэд нэг хайрцаг тамхийг 5000, 1.5 литрийн нийслэл шар айргийг 10 000, нэг шил экс архийг 30 000 төгрөгөөр борлуулж байгаатай таарлаа. Цаашлаад улс орны эдийн засаг хүндрэхийн хэрээр архидалт улам нэмэгдэх хандлагатай байна. Архи авах мөнгөгүй хүмүүс аптекаас цэнхэр спирт авч уудаг болсон талаар олон нийтийн сүлжээнд ч яригдах болсон. Энэ мэтээр архитай холбоотой хуулиа амьдралд нийцүүлэн шинэчилж батлахгүй бол хор уршиг нь улам урхагшиж далд хэлбэрт шилжсээр байгаад анхаарах цаг болжээ.
Сэтгэгдэл (4)