
Гэтэл
хууль зүйн салбарт хийгдэж байгаа шинэчлэлд ерөнхий прокурорын саналыг
тусгах нь битгий хэл сонсохыг ч хүсэхгүй байгаа нь туйлын хачирхалтай.
Монгол улсад хууль зүйн салбарын шинэчлэл хэрэгтэй, хэрэгцээтэй ч
өнөөдрийн энэхүү шинэчлэлтэй олон хүн санал нийлэхгүй байна. Хуульч
гурван “Дорж” гэгддэг Ц.Нямдорж, Д.Бямбадорж, Ц.Шаравдорж нар 2002 онд
иргэний болон эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг хийсэн. Тэдний хоёр
нь буюу Ц.Нямдорж, Ц.Шаравдорж нар өнөөдрийн шинэчлэлийг дэмжихгүй
байгаа.
Тэгвэл ерөнхий прокурор Х. Дорлигжав хууль зүйн
салбарын шинэчлэлтэй холбогдуулж маш ноцтой сэдвүүдийг хөндөж байр
сууриа илэрхийллээ. Тэрээр “Эргээд 13, 14 жилийн өмнөх рүүгээ буцчихлаа.
Өөрөөр хэлбэл, цагдаа цагдаагаа шалгадаг болж байна. Тэгэхээр ямар
шинэчлэл яваад байгаа юм. Лав эрүүл саруул ухаанаар харахад олигтой юм
биш байна. 14 жилийн өмнө болохгүй байна гэсэн зүйл дээрээ буцаад
буучихлаа” гэж хэлсэн нь анхаарахгүй байхын аргагүй ноцтой асуудал юм.
Улсын
прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба эрүүгийн 40 гаруй төрлийн гэмт
хэргийг шалгадаг байсан. Өөрөөр хэлбэл цагдаа оролцсон хэргийг прокурор,
харин прокурор холбогдсон хэргийг цагдаа шалгадаг тогтолцоо байсан юм.
Гэтэл энэхүү албыг салгаж АТГ-ын мэдэлд шилжүүлснээр тэд харьяаллын бус
асуудлаар хуулийн салбарт хуруу дүрэх нөхцөл бүрдсэн билээ. Нөгөө талдаа
мөрдөх албыг тусад нь байгуулж томхон гэмт хэрэг болон, АТГ-ын
харьяаллын бус хэргүүдийг шалгахаар болсон ч тэднийг өөрсдийг нь хэн
шалгах вэ? Гэсэн асуулт өөрийн эрхгүй анхаарал татаж байгаа юм.
Тэрээр
энэ бүх үйл явдлыг “Эрх зүйн шинэчлэл гэхээсээ илүү эрх мэдэл
булаацалдсан сөргөлдөөн явж байна уу” гэж байна. Мөн “прокурорын
байгууллагыг сулруулах сонирхол хаа нэг газар байгаа юм биш байгаа гэж
бодох боллоо. Гадна, дотны зохион байгуулалттай зүйлүүд байж болох.
Үнэндээ Монгол Улс том шийдлүүдийн өмнө ирчихсэн байгаа... Ази, Африкийн
стратегийн ач холбогдолтой байршилд байдаг жижиг улсуудад дарангуйлал
тогтоочихоод ардчилж байна гэж ярьдаг л биз дээ. Манай юм ойлгодог
хүмүүс үүнийг мэдэж байгаа. Иймэрхүү сонирхол байхыг ч үгүйсгэхгүй.
"Ингэж болохгүй шүү дээ" гэх тусам зөрж хийгээд байгаа энэ шинэчлэлийг
хараад цаана нь ямар нэгэн зорилго байна гэж бодох боллоо” гэж хэлсэн нь
урьд өмнө ямар ч ерөнхий прокурор, түүнтэй дүйцэх албан тушаалтны хэлж
байгаагүй маш ноцтой дүгнэлт юм. Ийнхүү хууль зүйн салбарын шинэчлэл
тойрсон зөрчил маргаан улам хүрээгээ тэлсээр байна. Улсын ерөнхий
прокурор, хууль цаазын тэргүүн зөвлөх хүн өөрийн байр сууриа маш шулуун,
хоёрдмол санаагүй илэрхийллээ. Харин түүний үгийг авах сонирхол эрх
баригчдад байсангүй. Үүнээс үзэхэд үнэхээр хууль зүйн салбарт хүчийг нэг
талд төвлөрүүлснээр ардчилсан намынхан өөрсдийн хууль бус үйл
ажиллагааг хаацайлах, гадны нөлөөлөлд автаж прокурорын байгууллагын эрх
мэдлийг ганхуулах явцуу ашиг сонирхолд хөтлөгдөж хуудуутай шинэчлэлийг
яаравчлан хийгээд байна уу? Гэсэн асуулт зүй ёсоор төрөн гарч байна.
Сэтгэгдэл (35)