Швед улсад ажиллаж амьдардаг монголчууд өнөөдөр шинэ жилийн баяраа тэмдэглэнэ. Стокхольм хотын “Hallonbergen” хэмээх ресторанд өнөө орой тэндэхийн цагаар 18 цагт эхэлж шөнийн 02 цаг хүртэл үргэлжлэх энэ баярын тасалбар 200 крон буюу 40 мянга орчим төгрөгийн үнэтэй ажээ. Манай наад захын аймгийн нутгийн зөвлөлийн шинэ жилийн баярын тасалбарын үнэ 80 мянгаас буухгүй байгаатай харьцуулахад энэ нь амьжиргааны төвшин, орлого өндөртэй энэ оронд суудаг монголчуудын хувьд тун даруухан үнэ. Баярт хамгийн түрүүнд ирсэн 50 хүнд Швед дэхь монголчуудын үндэсний холбооны гарын бэлгийг гардуулна гэж зохион байгуулагчид нь зар тараажээ. Мөн азын сугалаанд notebook, үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүн олгоно гэнэ. Шинэ жилийн баярыг Шведийн ачаа тээврийн “Ojanlatvas företag”, нийтийн хоолны “Ebimon”, гоо сайхны “Oriflame” жуулчлалын “Indcen Resor”, мөн Монголын “Гоёо” компаниуд ивээн тэтгэж байгаа аж.