Нэгэн цагт МАН-ын ч тэр, Монголын ч тэр нүүр царай болж байсан С.Баяр даргын бие, сэтгэл жаахан чилээрхүү байна. Тэрбээр АНУ-руу явж биеэ илааршуулж байгаа ч сонгуулийн шинэ хуулиас үүдсэн сэтгэлийн зовлон нь хөндүүрлэсээр байгаа бололтой. Учир нь УИХ-ын танхимдаа ахиад дөрвөн жил суучих юмсан гэсэн хүсэл нь шинэ хуулиас болж бүтэхгүй тийшээ хандаад байгаа аж. Энэ жил 76 тойрог биш 48 тойрогт нэр дэвшүүлэхээр болсон. Заримынх нь мандатын тоо ч нэлээд цөөрсөн. Тухайлбал, өнгөрсөн сонгуулиар С.Баярын сонгогдсон Сүхбаатар дүүргийн 23 дугаар тойрог гурван мандаттай байсан бол энэ жил хоёр болжээ. Энэ тойрогт тэрбээр Сү.Батболдыг ихэд халамжлан хамт нэр дэвшиж, хоёул сонгогдсон билээ. Тун удалгүй түүнд халаагаа өгч, ерөнхий сайд болох замыг нь нээж өгсөн. Гэтэл одоогийн ерөнхий сайдыг шатаар хөтөлж гаргасан С.Баярт 2012 онд нэр дэвших тойрог олдохгүй ийнхүү уурыг нь барж байна. МАН /С.Батболд/ аль хэдийн 48 мажоритар тойрогт нэр дэвшүүлэх хүмүүсээ бичээд хав дарчихсан байгаа. Гэтэл тэр листнээс гадуур холхиод байдаг. 2008 оны сонгуулийн дараа чухам л төгс төгөлдөр болгоно гэж амлаж байсан “Сонгуулийн төгөлдөршил” нь түүнд эхнээсээ гай болж эхлэв. Одоо яадаг хэрэг вэ? Шинээр батлагдсан УИХ-ын сонгуулийн тухай хуульд ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хориг тавих сүүлийн хугацаа нь маргааш байдаг. Гэтэл таг чиг. Үндсэн хууль зөрчлөө гэж түүнтэй зовлон нэгтэй хүмүүс Үндсэн хуулийн цэцэд хандаад байгаа ч бас л найдваргүй. Угаасаа цэц тэдний яриад байгаа заалтыг Үндсэн хууль зөрчсөн байна гэж үзлээ ч Сонгуулийн тухай хуулийг бүхэлд нь хүчингүй болгохгүй. Муудаж, сайндаж байж баталсан 48:28 гэсэн тоог лав өөрчлөхгүй дэг. Тэгэхээр эрт урьдын цагт гэдэг шиг нэгэн цагт МАН-ыг толгойлж байсан С.Баяр Сү-рүү сээтэгнэх болсон намын гишүүддээ уурлах уу, сонгуулийг төгөлдөршүүлнэ гэж амласан өөртөө гомдох уу бүү мэд болоод байна.
Б.Баярхүү

