Өнөөдөр Ким Чен Ирийн дурсгалыг хүндэтгэхээр Өмнөд Солонгосын зарим төлөөлөгчид Хойд Солонгост иржээ. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд 1998-2003 оны хооронд Өмнөд Солонгосын ерөнхийлөгч байсан Ким Дай Жуны бэлэвсэн гэргий 89 настай Лий Хи Хо багтсан байна. Мөн "Хьюндай" корпорацийн захирал, 56 настай хатагтай Хион Жун Юн очсон байна. Экс тэргүүн хатагтай Лий Хи Хо "Энэ айлчлал нь хоёр Солонгосын цаашдын харилцааг зөөлрүүлэхэд багагүй нөлөөлнө гэдэгт найдаж байна" гэжээ. Өмнөд солонгосчууд хуучин удирдагчид хүндэтгэл үзүүлээд буцахаасаа өмнө албаны зарим хүмүүстэй уулзах аж. Гэсэн ч энэ уулзалтанд хэн ирэх, ялангуяа Ким Чен Ун ирэх эсэх нь тодорхойгүй байгаа. Тэд маргааш гэхэд нутаг буцсан байх ёстой гэнэ. Учир нь Хойд Солонгост энэ сарын 28-ны өдөр Ким Чен Ирийн төлөө нийтээр гашуудах ёслол дуусах юм.