“Улаанбаатарын мөнгөн үдэш” цэнгүүнийг зохион байгуулах ажлын хэсгийнхэн хоёр он солигдох агшинд урьд өмнө нь хийж байгаагүй ёслолын буудлагыг хийхээр болсон байна. Их жанжин Сүхбаатарын талбайн өмнө 31-ний 19 цагаас 24.30 минут хүртэл үргэлжлэх тус цэнгүүний үеэр 2011 онд тохиосон томоохон тэмдэглэлт ойнуудын агуулгыг харуулсан соёл, урлагийн тоглолт, үзүүлбэрүүд болохоос гадна иргэд төв талбайд зассан сүлд модоо тойрон бүжиглэх боломжийг гаргах аж. Мөн энэ үдэш МУБИС болон Сүхбаатарын талбайн автобусны буудлаас нийтдээ 14 чиглэлд 80 автобус уртасгасан цагаар үйлчлэх байна. Төв талбайд цугласан иргэдийг тарж дуустал нийтийн тээвэр үйлчлэх тул захын хорооллын гэлтгүй иргэд төв талбайдаа шинэ оноо угтах боломжтой болсон байна.
Цаг агаарын урьдчилсан мэдээгээр шинэ жил өнгөртөл цас нэмж орохгүй, хүйтний эрч буурч цаг агаарын хувьд таатай байх хэдий ч инженерийн байгууламжийн бүхий л газрууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер даалгасан байна. Мөн одоо болтол бүрэн цэвэрлэгдээгүй байгаа зам талбайн хальтиргаа гулгааг цэвэрлэх ажлыг шуурхай зохион байгуулж, байгууллага, аж ахуйн нэгж бүртэй тулж ажиллан зам талбайг бүрэн цэвэрлүүлэхийг үүрэг болгосон байна.
Түүнчлэн дунджаар 92 хувьтай
байгаа нийтийн эзэмшил, зам талбай, гэр хорооллын гэрэлтүүлгийн ажлыг баярын
өмнө 100 хувьд хүргэж, хотоо гэрэл гэгээтэй болгож, өдөр шиг гэрэл гэгээтэй,
дуутай, хууртай, хөгжилтэй, бүжигтэй төв талбайд ирж буй иргэдээ хүндрэл
бэрхшээлгүй шинэ оноо угтах бүхий л боломж бололцоог хангахыг холбогдох
газруудад даалгажээ.
Т.Энхэлээ