Хүлээлт дагуулсан УИХ-ын сонгуулийн тухай хууль энэ чигээрээ хэрэгжих нь тодорхой боллоо. Энэ хуулийг Үндсэн хууль зөрчсөн гэж Үндсэн хуулийн цэцэд зарим хүн хандсан ч хугацаа давчуу тул хэлэлцсэнгүй, тоосонгүй. Өнөөдөр цэцийн гишүүд дунд суудлын хурал хийх ч огт өөр асуудлаар хуралдах юм. “Эцэг” хуульдаа өөрчлөлт оруулах эцсийн хугацаа нь маргааш буюу 12-р сарын 29-ны өдөр. Гэсэн ч энэ өдөр баярын өдөр болсон тул УИХ-ын гишүүн байтугай орон даяараа амарна. Тиймээс ганц өнөөдөр болох УИХ-ын хүндэтгэлийн чуулганаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар гаргасан дөрвөн төслийг хэлэлцэнэ гэж лөөлөө. Нэгэнт ерөнхийлөгч байр сууриа илэрхийлж, ямар нэгэн хориг тавиагүй болохоор 2012 оны сонгууль шинээр батлагдсан Сонгуулийн тухай хуулийн дагуу явагдана гэсэн үг. УИХ-ын гишүүнийг иргэд “шууд” сонгоно гэж Үндсэн хуулинд заасан байдаг. Пропорциональ системээр сонгож байгаа тойрогт иргэд хүнийг биш намыг дугуйлах болдог. Тэгэхээр иргэд УИХ-ын гишүүнийг иргэд биш нам нь сонгох болж байгаа. Үүнийг харин гишүүд “шууд” гэдэг нь иргэн хүн хэн нэгний дарамт шахалтгүйгээр өөрийн саналыг өгөхийг хэлнэ гэж эвтэйхэн тайлбарлаад аваад гарчихлаа. Айдгаа авдартаа хийсэн гишүүд Шинэ жилийн үдэшлэг хэсэх хооронд цэцэд өгсөн саналууд дараа нь Үндсэн хуульд нийцэхгүй гэдэг нь тодорхой болвол яах вэ гэдэг асуулт үлдэж байх шив.
