Монгол улсын иргэний цахим үнэмлэхийг үнэ төлбөргүй олгуулах тухай
саналыг УБЕГ-аас Засгийн газрын хуралдаанд хүргүүлжээ. Хэрэв энэ асуудал
дэмжигдвэл Монгол улсын иргэн шинэ үнэмлэхээ эхний удаад үнэ төлбөргүй
авах боломж бүрдэх гэнэ.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар "Иргэний үнэмлэхийг үнэ төлбөргүй олгох" тогтоолын төслийг батлуулах гэнэ. Монгол улсын тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг уг асуудлыг оруулж ирж байгаа бөгөөд иргэний үнэмлэх үнэгүй тараах хөрөнгө мөнгийг улсаас гаргуулахыг зорьж байгаа аж. Хэрэв энэ асуудал дэмжигдвэл Монгол улсын иргэн шинэ үнэмлэхээ эхний удаад үнэ төлбөргүй авах боломж бүрдэх гэнэ. Харин гээгдүүлсэн, үрэгдүүлсэн тохиолдолд дахин авахад үнэ төлбөртэй байх болно гэж УБЕГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан Ч.Нямцэцэг хэллээ. Гэхдээ үнэ төлбөр хэд байх нь одоохондоо тодорхой болоогүй гэнэ. Үнэмлэхний хэвлэлтийн ажил энэ сарын дундаас эхэлсэн бөгөөд он гарахаас өмнө үнэмлэх олгох ажлыг эхлүүлэх төлөвлөгөөтэй байсан аж.
Иргэд шинэ үнэмлэхээ авахын тулд харьяа бүртгэлийн байгууллагадаа очиж хуучин иргэний үнэмлэхээ хураалгаад, цахим үнэмлэхээ авах ёстой гэнэ. Ирэх оны сонгууль цахим үнэмлэхэнд тулгуурлан явагдах учир зургадугаар сар дуусахаас өмнө үнэмлэх солих ажлыг дуусгах ёстой. Гадаадад байгаа иргэд ч мөн сонгуульд санал өгөх эрхтэй болсон тул цахим үнэмлэхээ шинэчлүүлэн авах шаардлагатай. Ингэхдээ мөн л байнгын оршин суудаг хаягийнхаа бүртгэлээр авах хэрэгтэй гэнэ.
Б.Ганбилэг