Нийслэлийн Онцгой байдлын газар шинэ жилийн баярын өдрүүдээр бэлтгэл бэлэн байдлаа ханган, хариуцлагатай эргүүл, жижүүрийн бүрэлдэхүүнийг томилон ажиллуулахаар болжээ. Мөн тус газрын алба хаагчид Сүхбаатарын талбайд галын аюулгүй байдлыг хангуулж, хяналт тавин ажиллах аж.
Ус, цаг уурын хүрээлэнгээс авсан мэдээллээр баярын өдрүүдэд нийт нутгаар цасан болон шороон шуургатай байх төлөвтэй тул холын замд, хот хооронд зорчихдоо техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан машин, техниктэй явах, дулаан хувцас, хоол хүнс, шатахуунаа сайтар базааж явах чиглэлийнхээ зам, даваа, гүвээг судалж, цаг агаарын мэдээг тогтмол сонсох, шуурганд төөрөх, амь насаа алдахаас урьдчилан сэргийлэхийг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
Мөн албан байгууллагууд обьектын эргүүл, шалгалтыг тогтмол явуулж, сонор сэрэмжээ дээшлүүлж гал түймэр, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг санууллаа.
Учир нь сүүлийн өдрүүдэд гал түймрийн дуудлага ихсэж байгаа бөгөөд галд албан байгууллага, аж ахуйн нэгжүүд өртөх, эд хөрөнгөөрөө хохирох явдал гарсаар байгаа юм.
Иймд баяр амралтын өдрүүдэд иргэд, аж ахуйн нэгж, албан байгууллагууд галын аюулгүй байдалдаа онцгойлон анхаарч, цахилгаан хэрэгслээ тогтмол шалгахыг НОБГ-аас санууллаа.
Б.Чимэг