Өнгөрсөн 17-ны өдөр нас барсан Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ирт
БНАСАУ-ын баатар цол нэхэн хүртээснийг өнөө өглөө Хойд Солонгосын
мэдээллийн төв агентлаг уламжлав

Өнгөрсөн 17-ны өдөр нас барсан Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ирт БНАСАУ-ын баатар цол нэхэн хүртээснийг өнөө өглөө Хойд Солонгосын мэдээллийн төв агентлаг уламжлав. Баатар цол хүртээсэн БНАСАУ-ын Ардын дээд хурал буюу парламентын тэргүүлэгчдийн тогтоол 19-ний өдөр гарсан гэнэ. Нам, арми, ард түмнийг олон жил удирдсан Ким Чен Ирийн “мөнхийн хувьсгалт гавъяаг тэмдэглэж” хэмээн тогтоолд дурьдсан байна.
1950 онд бий болгосон БНАСАУ-ын баатар цолыг зөвхөн өөрийн улсын иргэдэд олгодог бөгөөд 1950-1953 онд болсон Солонгосын дайнд оролцсон 481 хүнийг шагнаж байв. Ким Ир Сен энэ цолыг гурав, Ким Чен Ир дөрвөн удаа хүртэж байсан бол Ким Чен Ирийн эх Ким Чен Сугт нас барсанаас нь хойш 23 жилийн дараа буюу 1972 онд нэхэн олгож байв. Хамгийн сүүлд энэ цолыг 2004 онд Ким Ир Сен, Ким Чен Ир нарын хөрөг зургийг гал түймрээс аварч өөрөө амь үрэгдсэн оюутан Ю Ген Хвад нэхэн олгожээ.