140 жилийн түүхтэй дэлхийн дуурийн урлагийн сор бүтээл гэгддэг Ж.Вердийн “Аида” дуурийг манай уран бүтээлчид УДБЭТ-ын тайзнаа анх удаа тавьсан нь зөвхөн монголдоо төдийгүй төв Азид анх удаагаа болсон тэмдэглэлт явдал боллоо. “Аида” дуурийг дэлхийн олон театр урын сангийнхаа хойморт залдаг бөгөөд манай уран бүтээлчид энэхүү алдарт дуурийг өөрийн орны тайзнаа тавьсан нь Монголын сонгодог урлаг дэлхийн түвшинд хүрсэн гэдгийг албан ёсоор баталсан хэрэг болсон юм.
Дуурь бүжгийн эрдмийн театрынхны хувьд “Аида”
дуурийг тоглох нь олон жилийн мөрөөдөл байсан гэж хэлж болно. Энэхүү хүчирхэг дуурь нь
театрын уран бүтээлчдээс мэргэжлийн өндөр түвшний мэдрэмж, чадал, чадвар, ёс зүй, тайзны хүчирхэг
шийдэл, өндөр зохион байгуулалтыг шаарддагаараа бусдаас онцгойрдог.
“Аида” дуурийг тавихад БСШУЯ-ны зүгээс онцгой анхаарч хөрөнгө санхүүгийн хувьд
дэмжиж, ОХУ-аас мэргэжлийн удирдаач найруулагчийг ирүүлж хамтран ажиллахад нь
тусалсан байна. Энэхүү дуурь нь дөрвөн бүлэг, долоон үзэгдэлтэй бөгөөд хүчирхэг хөгжим,
зуугаад найрал дуучдаар дамжуулан хайр дурлал, өс хонзон, үзэн ядалт, ялалт
ялагдал, үхэл хагацал гээд хүний амьдралын бүхий л талыг харуулдаг.
Урьд нь “Аида” дуурийг Египетийн пирамидын дэргэд болон Хятадын цагаан хэрмийн
дэргэд задгай талбайд тавьж байсан бөгөөд манай уран бүтээлчид ч цаашдаа
энэхүү дуурийг Монголын Говь нутагт хөдөө хээр тавих төлөвлөгөөтэй байна.
Т.Хулан