Дуурь бүжгийн эрдмийн театрын
уран бүтээлчид энэ сарын 7-ны 17 цагт Дж.Пуччинигийн ТОСКА
дуурийг тоглох
гэж байна. Гурван бүлэг, гурван үзэгдэлт тус дуурийн цомнолыг Ж.Жакоза, Л.Иллика нар
зохиож, анх 1900 оны нэгдүгээр сарын 14-нд Ром хотын “Костанци” театр тогложээ.
Ж.Пуччини тухайн үед В.Сардугийн “Флория Тоска” жүжгийг үзээд сэтгэл нь маш их
хөдөлж, уг дуурийг бүтээсэн гэдэг.
Энэхүү дуурь
Ж.Пуччинийн хамгийн хүнд драмтай дууриудын нэг бөгөөд авьяаслаг, үзэсгэлэнтэй
хэдий ч сэтгэлийн хөдөлгөөн, хар ихтэй,
гэнэн бүсгүй Тоска, мөрөөдөмтгий, мэдрэмтгий, шулуун шударга Каварадосси, санаа
муутай, харгис Скарпья нарын
дүрийг хөгжмийн аялгуугаар маш тодорхой гаргаж өгсөн нь сонсогч, үзэгчдийн
сэтгэлийг ихэд татдаг байна. Ирэх
амралтын өдөр тоглогдох уг дуурийн найруулагчаар УГЗ, Л.Эрдэнбулган ажиллаж, УГЗ,
Ж.Бүрэнбэх удирдаачаар ажиллах юм байна. Харин гол дүрд МУГЖ, С.Мөнгөнцэцэг
тоглох гэнэ.
Т.Хулан