Өвөр Монголын “Одон” телевиз монгол хэл дээрх хоёр дахь сувгаа Ням гарагт нээж эфир нь өчигдөр баяр хөөр, дуу хуураар цалгиж өнгөрөв. Шинээр нээсэн “Соёл шинжлэл”суваг нь гадаад орны танин мэдэхүйн шинжтэй нэвтрүүлэг, киног орчуулж гаргахыг эс тооцвол монгол үндэстний соёл урлаг, ёс заншил, үүх түүхийг голчлон тусгах бөгөөд өдөрт долоон цагийн нэвтрүүлэг цацах ажээ. Харин “Одон” телевизийн үндсэн суваг нь “Хоёрдугаар суваг” нэртэйгээр гол төлөв үйл явдлын мэдээ дамжуулах болсон байна. Шинэ суваг нь “Соёл эрдэнэ”, “Нутаг” зэрэг монголд хэлтэнд зориулсан уламжлалт нэвтрүүлгээсээ гадна “Эрийн гурван наадам” гэхчлэн монгол агуулгатай шинэ нэвтрүүлэг, булангуудыг тогтмол бэлтгэж ажиллуулах юм. Ням гарагт болсон нээлтийн дугаартаа шинэ сувгийнхан Өвөр Монголын аймаг хошуу бүрт сууж буй монгол үндэстнүүдийн сэтгэгдлийг авч, тэдгээр нь монгол хэлтэнд зориулсан эфирийн цаг нэмэгдэж байгаад туйлын талархалтай байгаагаа илэрхийлж байв.
“Одон” телевиз анх 1976 онд монгол хэл дээр нэвтрүүлгээ цацаж, Хятад дахь хан бус үндэстний хувьд өөрийн гэсэн телевизийн сувагтай болсон анхдагч нь монголчууд болж байсан бөгөөд 1983 он гэхэд Өвөр Монгол бүхэлдээ, цаашлаад Хөхнуур, Шинжаан зэрэг Хятадад суугаа нийт монголчууд уг телевизийг үзэх боломж бүрдсэн байв. Өдгөө энэ телевизийг дэлхийн 53 оронд 24 цагаар шууд хүлээн авч үзэж байгаа юм.
Өчигдөр өдрийн турш монгол үндэстний соёл, уламжлал, үүх түүхийг зогсоо зайгүй дэлгэж баяр хөөртэй өнжсөн шинэ сувгийн эфир шинэ жилийн баярын сэдэвтэй Англи, Орос зэрэг олон гадаад орны дууг эх хэл дээр нь өвөрмөц содон найруулгатайгаар туйлын чадварлаг дуулсан Өвөр Монголын Багшийн их сургуулийн найрал дууны чуулгын сэтгэл хөдөлгөм сайхан тоглолтоор өндөрлөсөн юм.