Жил жилийн өвөлд агаарын бохирдол, утааны асуудал нэг сая гаруй хүн амтай Улаанбаатарчуудын толгойн өвчин болдог билээ. Нийслэл хотын хүн амын 60 хувь буюу 171 мянган өрх айл гэр хороололд амьдарч байгаа. Айл өрхүүдээс гадна байгууллага аж ахуйн нэгжийн нам даралтын зуухнууд ч утаа үйлдвэрлэхэд багагүй үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс гэр хорооллын айл өрх, нам даралтын зуухнуудаас гарч байгаа утааг багасгахад чиглэсэн ажлуудыг шат дараатай авч хэрэгжүүлж байна. Тиймээс утааг бууруулах ажлын нэг болсон “Сайжруулсан зуух-2014” хөтөлбөрийн нээлт өнөөдөр Тусгаар тогтнолын талбайд боллоо.Нээлтийн арга хэмжээнд БОНХ-ийн сайд С.Оюун, Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т. Бат-Эрдэнэ, "Цэвэр агаар" сангийн захирал
Д.Баасан, “Улаанбаатар цэвэр агаар” төслийн захирал Н.Энхболд тэргүүтэй холбогдох албаныхан, иргэдийн төлөөлөл оролцлоо. Энэ үеэр Хөгжим бүжгийн коллежийн “Эко сурагчид” цохивор хөгжмөөр тоглож сонирхуулсан бөгөөд хөтөлбөрийн зохион байгуулагчид иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч, бүрэн шаталттай сайжруулсан зуухыг хөнгөлөлттэй үнээр борлуулах ажлыг зохион байгууллаа.Энэ жил зургаан компанийн найман төрлийн 15300 ширхэг зуух иргэд гар дээр очих бөгөөд үндсэн үнэ нь 272000-484188 төгрөг. Мөн иргэд өөрт таатай нөхцлийг сонгон банкны лизингээр худалдан авах боломжтой ба Цэвэр агаарын сан, Улаанбаатар цэвэр агаар төслийн хөнгөлөлттэй бол 17200- 228188 төгрөгөөр авч болох ажээ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.usup.mn цахим хуудаснаас авах боломжтой юм байна.
Эх сурвалж: shuud.mn























































