Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас томоохон зах худалдааны төвүүдэд худалдаалагдаж байгаа хүнсний бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал болоод захуудын орчин нөхцөлд шалгалт явуулж цөөнгүй зөрчил илрүүлжээ. Улмаар шалгалтынхаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тодруулбал, "Нарантуул", "Барс", "Хархорин", "Меркури", "Эрдэнэбулган", "Энхжин", "Бөмбөгөр" зэрэг долоон зах, худалдааны төв болон 980 түрээслэгчийг шалгалтад хамруулсан байна. Шалгалтаар нийт 446 зөрчил илэрч, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй, чанарын шаардлага хангахгүй орчин нөхцөлд худалдаа эрхлэж байсан "Нарантуул", "Барс" захуудын павильон, чингэлгүүдийн үйл ажиллагааг түдгэлзүүлж, зогсоосон байна.Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун "Бүхий л худалдааны төв, захуудад хаяг шошгийн зөрчилтэй, хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүнийг худалдаалж байгаа зөрчил нилээдгүй илэрсэн. Эдгээр зах, худалдааны төвүүдэд торгууль, шийтгэвэр оногдуулж ажиллалаа. Зориулалтын бус байранд худалдаа эрхэлж байгаа "Нарантуул", "Барс" захуудын чингэлгийн худалдааг зөрчил арилгах хүртэл хугацаагаар хэсэгчлэн түр зогсоохоор акт тавьсан. Эдгээр зөрчлүүд нь “Төрийн хяналт шалгалтын тухай хууль”, “Хүнсний тухай”, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай”, “Ариун цэврийн тухай”, “Тамхины хяналтын тухай” хууль болон холбогдох дүрэм, журмыг зөрчсөн. Тиймээс таван аж ахуй нэгжид 28 сая төгрөгийн, 44 иргэнд 7.4 сая төгрөгийн, эрх бүхий албан тушаалтанд 30.6 сая төгрөгийн торгууль оногдуулж, зөрчлөө арилгах шаардлага хүргүүлсэн. Мөн шошгын зөрчилтэй 171 нэрийг бүтээгдэхүүнийг хүнсний сүлжээнээс татан авахуулж, зөрчлийг арилгуулан, хүнсний бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлгүй, баталгаажилтгүй худалдаалагдаж байгаа 59 нэрийн хүнсний бүтээгдэхүүнээс дээж авч НМХГ-ын болон МХЕГ-ын Хүнсний үндэсний лавлагаа лабораторид шинжилгээнд хамруулсан " хэмээсэн юм.
Шалгалтад хамрагдсан зах, худалдааны төвүүдэд шошгын шаардлага хангаагүй импортын хүнс болон хаяг, шошго, сав баглаа боодолгүй, хадгалалтын хугацаа дууссан, түүхий эд, хүнсний нэмэлт, хүнсний бүтээгдэхүүн болон эрүүл мэндийн зурагт анхааруулгад тавигдах шаардлагыг зөрчсөн импортын янжуур тамхи, онцгой албан татварын тэмдэггүй, Монгол Улсад худалдан борлуулахыг зөвшөөрсөн тэмдэглэгээгүй, импортлогч нь тодорхой бус дүнсэн тамхи худалдаалж байсан, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийн мөрдөн тогтоох бүртгэл хөтлөөгүй зөрчил, дутагдлууд нийтлэг илэрчээ.
“Нарантуул”, “Барс” захууд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүйн дээр “Хүнсний бөөний агуулах” гэж нэрийдсэн халаалтгүй, усан хангамжгүй, гэрэлтүүлэггүй худалдааны павилонууд нь хүнсний агуулахын стандартын шаардлага хангахгүй, тоос шороотой, улиралын температураас хамааран хүнсний болон ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн хэт халж, хөлдөснөөс чанар, аюулгүйн үзүүлэлт өөрчлөгдөн хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүүлж боолзошгүй байдалтай байжээ. Түүнчлэн худалдаа эрхлэгчид эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт бүрэн хамрагдан, магадлагаа гаргуулаагүй, хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдэд хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуй, ариун цэврийн талаар сургалт зохион байгуулдаггүй, тэдний хууль эрхзүйн мэдлэг дутмаг, захын нийт эдэлбэр газар нь хатуу, шингэн хог хаягдлаар бохирдсон, дотоодын хяналт шалгалтын үр дүн хангалтгүй, өмнө нь тавьсан мэргэжлийн хяналтын байгууллагын шаардлагыг бүрэн хэрэгжүүлж ажиллагаагүй зөрчлүүд илэрчээ.
Д.Ундрах /24tsag.mn/























































