Хэнтий аймгийн прокурорын газраас Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын чиглэлээр малын хулгайн гэмт хэрэг их гардаг сумдад эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг нээлттэй явуулж байх талаар тус аймаг дахь Сум дундын 28 дугаар шүүхтэй хийсэн зөвлөгөөнөөр нэгдсэн шийдэлд хүрсэн байна.Энэхүү арга хэмжээний хүрээнд 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Бат-Норов суманд Б.Цогтбаатар, Ч.Ариунбаатар нарт холбогдох эрүүгийн 201423000094 дугаартай хэргийн шүүх хуралдааныг нээлттэй хийж шүүхээс Б.Цогтбаатарт Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 100.0 төгрөгийн эд хөрөнгө хурааж 3 жил 5 сарын хорих ялаар, Ч.Ариунбаатарт мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сарын баривчлах ялаар шийтгэжээ.
Шүүгдэгч Б.Цогтбаатар, Ч.Ариунбаатар нар нь 2012 оноос 2014 оны хооронд бүлэглэн бусдын олон тооны малыг хулгайлж 21 сая төгрөгийн хохирол учруулсан ба уг хэрэгт улсын яллагчаар хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Ц.Цэен-Ойдов оролцжээ.
Уг шүүх хуралдааныг сумын соёлын төвд хийж сумын Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга болон 50 гаруй иргэд, төрийн албан хаагч нар оролцсон ба хохирогчийн олонхи байгаа газарт хийсэн нь иргэдийг чирэгдүүлэхгүй байх, малын хулгайн гэмт хэргийг бууруулах, дахин гаргуулахгүй байхад зохих үр дүн өгсөн гэж орон нутгийн удирдлага дүгнэсэн байна.
Д.Ундрах /24tsag.mn/























































