“Туркиз Хилл Ресурс” компани Монгол Улсад төлөх 115 сая ам.долларын татварын өрийг хүлээж авсан гэсэн агуулгатай мэдээлэл манай сайтад тавигдсан. Туркиз Хилл Ресурс компани уг мэдээллийг өөрийн веб сайтад байршуулахдаа “тогтоогдсон аудитын дүн” гэсэн үгийг хэрэглэсэн нь “Оюутолгой” компани Монгол Улсад төлөхөөр маргаан үүсээд буй 130 сая ам.долларын татвараас 115 сая ам.долларыг нь хүлээн зөвшөөрсөн мэт ойлголтыг төрүүлсэн байна. Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн хөрөнгө оруулагчдад 115 сая ам.долларын нэрлэсэн үнэ бүхий таван жилийн хугацаатай, гурван хувийн хүүтэй Засгийн газрын хямдруулсан үнэт цаас (бэлнээр 100 сая ам.доллар төвлөрсөн)-ыг 2009 оны аравдугаар сарын 19-ний өдөр арилжаалсан билээ. Харин үүнийг төлөх хугацаа энэ сарын 19-нд дуусгавар болж Монгол Улс энэхүү өр төлбөрийг бүрэн шилжүүлж гэрээний үүргээ биелүүлсэн байна.
Оюутолгой компаний татварын маргаантай асуудал шийдэгдээгүй байгаа гэдгийг албаны эх сурвалж онцоллоо. Баримтын алдаа гарсанд уншигчдаасаа хүлцэл өчье.




















































