
Үндэсний бөхөөр барилддаг бөчүүдээс допинг авдаг болоод 24 жилийн нүүр үзэж байна. Хамгийн анх дархан аварга А.Сүхбатаас допинг илэрч байсан бол энэ тоо олон болжээ. Явцын шинжилгээ, аймгуудын баяр наадам шөвгөрсөн бөхчүүдээс допинг илрэх нь олшров. Харин улсын баяр наадамд зодоглосон бөхчүүдээс допинг илрэсэн тохиолдол өнөөдөр 43 болж эгнээгээ тэллээ.
Улсын арслан Э.Оюунболд, Улсын заан Б.Соронзонболд нараас энэ хугацаанд хоёр удаа допинг илэрсэн байдаг. Нэр холбогдсон хамгийн өндөр цолтой допинг бөх нь дархан аварга А.Сүхбат, Н.Батсуурь, аварга Г.Эрхэмбаяр (тухайн үед улсын начин) бол бага цолтой нь сумын заан С.Майнбаяр байв.
Дархан аваргаасаа сумын заан цолтон хүртэл хориотой эм хэрэглэсэн гэхээр монгол бөхөд допинг хавтгайрсаны шинж. Явцын үед шинжилгээ авахад нэг дор таван бөхөөс (Ө.Бат-Орших гарьд, Б.Пүрэвсайхан заан, Э.Даш начин, Б.Номиндалай аймгийн хурц арслан, С.Майнбаяр сумын заан) илэрсэн тохиолдол бий. Допингтой холбогдох 43 бөх, 41 тохиолдол бүртгэлтэй байдаг ч тэднээс цолоо хураалгасан нь даанч цөөн.
Аймгийн арслан Б.Ганзориг улсын начин цолоо, Б.Бат-Орших улсын харцага цолоо, улсын арслан Э.Оюунболд аварга цолоо, М.Бадарч арслан цолоо тус тус хураалгажээ. Улсын начин Б.Суманчулуун, Н.Адъяабат нар заргалдсаар байгад цолоо авчихсан. Аймгаар нь тоолбол, Ховдын зургаан бөхөөс допинг илэрсэн ба тус аймгийн бөхийн дасгалжуулагч, О.Хангай аваргын багш, улсын заан Д.Мягмарсүрэн нутгаасаа анхдагч нь.
Уг асуудлын хамгийн сүүлийн дуулиан нь өнгөрсөн жилийн Улсын баяр наадмаар найм давж үзүүр булаасан Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Аймгийн хурц арсланг Нямдоржийн Өсөхбаяр билээ. Тэрбээр өнгөрсөн даваа гарагт давж заалдах шатны шүүхээр оров. Улмаар Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын хуралдаанаас гарсан шийдвэр нь допингийн шинжилгээ авах үйл явц болон дээж тээвэрлэлтийн шатанд ноцтой процессын алдаа гарсан гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага нь олон улсын стандарт, журмаас илт гажсан ажиллагаа явуулсан болохыг онцлон дүгнэлээ. Энэ түүнийг допинг хэрэглээгүй гэж үзсэн гэсэн үг огт биш юм.
Өнгөрсөн 24 жилийн хугацаанд допинг хэрэглэсэн бөхчүүдийн жагсаалт:
1.2002 он: А.Сүхбат /Дархан аварга/
2.2003 он: Д.Батбаяр /Улсын начин/
3.2004 он: Д.Мягмарсүрэн /Улсын заан/
4.2004 он: Г.Ганхуяг /Улсын харцага/
5.2006 он: Д.Рагчаа /Улсын гарьд/
6.2006 он: Г.Эрхэмбаяр /Улсын аварга/
7.2009 он: Ц.Сумъяабэйс /Улсын начин/
8.2009 он: Б.Соронзонболд /Улсын заан/
9.2011 он: Г.Алтангэрэл /Улсын харцага/
9.2011 он: Ц.Цогбаяр /Улсын начин/
10.2012 он: Х.Мөнхбаатар /Улсын арслан/
11.2012 он: Б.Сугаржаргал /Улсын начин/
12.2014 он: Б.Суманчулуун /Улсын начин/
13.2014 он: Н.Адъяабат /Аймгийн арслан/
14.2016 он: Б.Баатарцол /Улсын начин/
15.2016 он: Б.Ганзориг /Цэргийн арслан/
16.2017 он: Ө.Бат-Орших /Улсын гарьд/
17.2017 он: Б.Пүрэвсайхан /Улсын заан/
18.2017 он: Э.Даш /Улсын начин/
19.2017 он: Б.Номиндалай /Аймгийн хурц арслан/
20.2017 он: С.Майнбаяр /Сумын заан/
21.2018 он: Б.Соронзонболд /Улсын заан/
22.2018 он: Б.Гончигтавхай /Аймгийн арслан/
23.2018 он: Н.Ганбаатар /Улсын гарьд/
24.2018 он: А.Цацабшир /Улсын харцага/
25.2018 он: Ц.Бямба-Очир /Улсын начин/
26.2019 он: Э.Оюунболд /Улсын арслан/
27.2019 он: Д.Цэрэнтогтох /Улсын начин/
28.2020 он: Н.Батсуурь /Улсын гарьд/
29.2020 он: Пүрэвдавга /Улсын арслан/
30.2020 он: Б.Баторших /Аймгийн арслан/
31.2021 он: Э.Оюунболд /Улсын арслан/
32.2021 он: Б.Уртнасан /Аймгийн арслан/
33.2021 он: Н.Батсайхан /Аймгийн арслан/
34.2021 он: Б.Хадбаатар /Аймгийн арслан/
35.2022 он: Б.Лхагвадорж /Аймгийн арслан/
36.2022 он: Д.Ням-Очир /Аймгийн арслан/
37.2022 он: Т.Бэгзсүрэн /Улсын харцага/
38. 2023 он: М.Бадарч /Улсын гарьд/
39. 2024 он: Б.Жамбалдорж /Цэргийн арслан/
40. 2024 он: М.Буяндэлгэр /Аймгийн хурц арслан/
41. 2024 он: Н.Баяржаргал /Аймгийн арслан/
42. 2025 он: Б.Гончигдамба /Улсын гарьд/
43. 2025 он: Н.Өсөхбаяр /Аймгийн хурц арслан/
Л.Баяр
















































Сэтгэгдэл (3)