
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу нар УИХ-ын тухай, УИХ-чуулганы хуралдааны дэгийн тухай, УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөлд саналаа тусгаж өргөн барилаа.
Хуулийн төсөлд тусгасан онцлох заалтууд:
- УИХ-ын гишүүн санал хураалтад заавал өөрийн биеэр оролцоно. Хэрэв санал хураалтад оролцоогүй бол чуулганы нэгдсэн хуралдааныг тасалсанд тооцно. Санал хураалтад оролцоогүй гишүүний санал автоматаар татгалзсанд тооцогддогийг болиулна. Гишүүний үндсэн үүрэг бол сонгогчдоо төлөөлж хуралдаа суух, хэлэлцэж буй асуудалд саналыг нь тусгах, сайжруулах.
- Гишүүн нэг сарын хугацаанд байнгын, дэд хороод, нэгдсэн чуулганы нийт санал хураалтын 50-аас дээш хувьд оролцоогүй бол Ёс зүйн дэд хороо хариуцлага хүлээлгэнэ.
- Гишүүн байнгын болон дэд хороод, нэгдсэн хуралдаанд 5 ба түүнээс дээш удаа хүндэтгэх шалтгаангүй ирээгүй бол Ёс зүйн дэд хороо хариуцлага хүлээлгэнэ.
- Гишүүн ажлын хэсгийн хуралдаанд 2 ба түүнээс дээш удаа, Хянан шалгах түр хорооны хуралдаанд 3 ба түүнээс дээш удаа хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй бол ажлын хэсгийн болон түр хорооны бүрэлдэхүүнээс хасна. Үүнд Байнгын хороодыг ч нэмэх саналтай байгаа.
- Байнгын хорооны хурлын явцад гишүүн хэлэлцэж байгаа төслийг мэтгэлцээний горим руу шилжүүлэх боломжийг нээнэ. Ингэснээр нэг нь асууж нөгөө нь цагт баригдан хариулсан болоод өнгөрдөг жишиг арилж тухайн сэдвээр бодлогын мэтгэлцээн өрнүүлж талуудын ойлголцол, төслийн чанар сайжирна. -Байнгын хороодыг 11, Дэд хороодыг 7 болгож цөөлнө.
- Улсын Их Хурлын хяналт шалгалтын мөрөөр хууль тогтоомжийг боловсронгуй болгох, эсхүл хүчингүй болгох, хэрэгжилтийг хангуулах, эрчимжүүлэх, хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, холбогдох албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх, шаардлагатай бол Засгийн газрын шийдвэрийг хүчингүй болгох эрхийг нээнэ. Ингэснээр хянан шалгах ажил зүгээр сонсоод өнгөрдөг биш бодит үр дүн үзүүлдэг болно.


















































