Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболдын өмгөөлөгч О.Алтангэрэлтэй уулзаж, Нийслэлийн прокурорын газарт гаргасан хүсэлт нь хэрхэн шийдэгдсэн талаар цөөн асуултад хариулт авлаа.
-Таныг Нийслэлийн прокурорын газарт албан хүсэлт гаргасан гэж сонссон?
-2008 оны долдугаар сарын 1-ний хэргийн талаар зарим сонинд нийтлэгдсэн зүйлс хэргийн материалтай таарч байгаа эсэх. Мөн мөрдөн байцаалтын нууцыг хэн задруулав, ямар зорилгоор олон нийтэд мэдээлж байгаад хэрэгт хяналт тавьж байгаа, прокурорын хувьд хувьд зохих арга хэмжээг авсан уу, энэ нь Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны албан ёсны үйл ажиллагаа мөн эсэх. Түүнчлэн хэрэгт холбогдсон этгээдийг өмгөөлж байгаа өмгөөлөгчийн хувьд хавтаст хэрэгтэй танилцах бодит боломжийг олгож, хэргээс хуульд заасны дагуу төр байгууллага, хувь хүний нууцад хамаарахаас бусад мэдээллийг хувилж авах бололцоогоор хангах гэсэн асуудлаар хандсан. Харамсалтай нь албан ёсны хүсэлтийн хариу бидний сэтгэлд хүрсэнгүй.
-Яагаад?
-Хэвлэлээр нийтэлсэн нийтлэлийг хавтаст хэргээс хуулбарласан материал биш. Уг нийтлэлийг мөрдөн байцаалтын нууц задруулсан гэж үзэх үндэслэл алга гэж Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх С.Хишигжаргал албан ёсны хариултыг бичгээр өгсөн байгаа. Бидний зүгээс гаргасан асуудлыг бүрэн шийдвэрлэх хэмжээнд өгч чадаагүй хариулт болохоор сэтгэл дундуур байна.
-УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин хэвлэлийн бага хурал хийсэн. Хонгио, сум зэрэг зүйлийг эд мөрийн баримт болгож багагүй дуулиан тарьсан. Үнэхээр ийм эд мөрийн баримт байгаад байхад үүнийг яагаад холбогдох байгууллага нь анхааралдаа авахгүй, арга хэмжээ авахгүй байгаа юм бол гэж гайхсан иргэд олон байна?
-Бид ч гайхаж байна. Үнэхээр Х.Тэмүүжин гишүүний үзүүлээд байгаа тэдгээр хонгио нь эд мөрийн баримт юм бол шинжээч томилон хэргийг зохих үнэнийг тогтоох зохих ажиллагааг хийх ёстой. Тийм ч учраас ийм шаардлагыг бид Нийслэлийн прокурорын газар гаргасан. Харамсалтай нь Х.Тэмүүжин гишүүний үзүүлсэн хонгиог зохих журмын дагуу шалгасан гэдэг хариултаас өөр бодит зүйл бидэнд хэлээгүй л байна.
-Цагдаагийн дарга нарт холбогдох хэргийг мөрдөн байцаалтад буцаах хүсэлтийг гаргасан гэж сонссон. Энэ асуудал ямар шатандаа байгаа вэ?
-Дээр дурьдсан хүсэлтүүдтэй холбогдуулан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 193 дугаар зүйлийн 1.18-д заасны дагуу нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр тодорхой чиглэл өгч, хэргийг мөрдөн байцаагчид буцаах хүсэлт гаргасан. Учир нь энэхүү хүсэлтийг хангах нь миний үйлчлүүлэгчийн хуульд заасан эрхийг хангаад зогсохгүй, хэргийн бодит үнэнийг тогтооход чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа. Харамсалтай нь Нийслэлийн прокурорын газраас нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй гэж үзэж байгаагаа мэдэгдсэн.
Б.Чимэг