Энэтхэгийн Ассам мужийн Гувахати хотод зэрлэг ирвэс хүмүүс рүү дайрсанаас болж нэг хүн нас
барж, хэд хэдэн хүн гэмтжээ. Уг ирвэс нь анх бямба гаригт хотын цогцос
чандарладаг газрын ойролцоо үзэгдсэн байна. Тэр үед Их Хурлын Намын даргын
хүүгийн оршуулгын үйл ажиллагаа явагдаж байсан бөгөөд оршуулгад ирсэн хүмүүсийн
ихэнх нь төрийн түшээ болон өндөр албан тушаалтнууд байсан учир хамгаалалтынхан
ирвэсийг тус газраас хөөн явуулсан байна. Гэтэл ирвэс тэндээсээ Шилпүкүри дүүргийн оршин суугчдын бүс рүү очсон аж.
“Бүсийн иргэд мод, ташуураар ирвэсийг хөөх гэж оролдсон боловч уурссан араатан
хүмүүс рүү дайрч эхэлсэн” хэмээн болсон явдлыг харсан гэрч хэлсэн байна.
Ирвэс Дэб Кумар Дас гэгч 50 настай иргэн рүү дайрч түүнийг маш хүнд гэмтээжээ. Тэрбээр эмнэлэгт хүргэгдэн, эмчилгээ
хийлгэсэн боловч зовиураа дийлэлгүй нас барсан байна. Мөн дайралтад өртсөн нэг хүний
хуйх хууларчээ.
Ингээд хэрэг мандсаны дараа Байгаль орчны яамны мэргэжилтнүүд ирж, зэрлэг
араатныг барьжээ. Ирвэсийг хэсэг хугацаанд Гувахати зоо паркт байлгаж байгаад
байгальд тавьсан байна. Байгаль орчны яамны мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар
хүмүүс зэрлэг амьтдын амьдрах орчинд хэт ойртож байгаа нь ийм явдал гарахад
тодорхой хэмжээгээр нөлөөлж буй аж.
Т.Хулан