Үнийн өсөлтийг зөвхөн малчидтай холбон тайлбарлаж байлаа. Малчид л малаа үнэтэй зарж, баяжаад байна гэж. Гэтэл энэ нь тийм биш, үнийн хөөрөгдлийг ченжүүд бий болгоод байгаа гэнэ.

Өнгөрсөн жил манай орны малын тоо, толгой ихээр нэмэгдэж 36 саяд хүрсэн. Мөн энэ жил энэ тоо улам өсч 40 саяд хүрнэ гэсэн урьдчилсан тооцоог мэргэжилтнүүд гаргаад байгаа билээ. Ийм хэмжээний малтай, махны хэрэглээгээ дотоодоосоо бүрэн хангадаг мөртлөө яагаад үнэ нь ийнхүү нэмэгдээд байгааг олон хүн гайхаж, бас бухимдаж байна.
Засгийн газраас махны үнийг бууруулахын тулд нөөцийн махыг энэ ням гарагаас худалдаанд гаргана. Нийтдээ 16 мянган тонн махыг нөөцлөөд байгаа бөгөөд 12 мянган тонн нь нийслэлд хэрэглэгдэх юм. Нөөцийн махны хувьд харьцангуй хямд үнээр зарагдаж, үнийн хөөрөгдлийг бууруулаад зогсохгүй улсын баяр наадам хүртэл хүрэлцэнэ гэж төлөвлөж байгаа. Дээр нь хилээр ченжүүдийн хууль бусаар гаргаад байгаа махыг зогсоож чадвал лангуун дээрх махны үнэ буурахад багагүй нөлөөлнө.
Б.Ням