Л.Гансүх нарын хэргийн талаар өчигдөр АТГ-аас мэдээлэл хийсэн юм. Ингэхэд тэд хэд хэдэн зүйлийг онцолж байв. Тодруулбал, Л.Гансүх нарын арван хүнийг шалгаж байгаа бөгөөд тэр 3.6 биш 13 тэрбум завшсан байж болзошгүй байгаа талаар дурдсан. Мөн Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандоржоос чухал баримт гарч ирсэн. Үүнд Л.Гансүх хэн нэгэн хүний заавраар өлсгөлөн зарласан талаар бичсэн байсан хэмээн ярьсан. Тиймээс өмгөөлөгч Ц.Баасандоржийг шалгуулахаар Сүхбаатар дүүргийн цагдаад хандаад байгаа гэж байсан юм. Харин энэ талаар Ц.Баасандоржоос тодруулахад "Хуурай өлсгөлөн зарласан нь Л.Гансүхийн эрхийн асуудал. Миний зүгээс Л.Гансүхийг өлсгөлөн зарлахыг хориглосон. Яагаад гэхээр Л.Гансүхийн эхнэр нь надруу залгаад “Л.Гансүх зүрхний өвчтэй шүү. Өлсгөлөн зарлуулж болохгүй” гэсэн. Тиймээс би өлсгөлөн зарлаж болохгүй гэдгийг хэлсэн. Гэтэл Л.Гансүх “Би өлсгөлөн зарлана. Тэгэхгүй бол энэ хүмүүс намайг энд ална. Би Н.Энхбаярын араас ормооргүй байна. Эсэргүүцнэ” гэсээр байгаад өлсгөлөн зарласан. АТГ-ынхны үзүүлээд байгаа бичиг минийх. Харин миний бичгийг дуурайж байгаад Е сайд гээд нэмсэн юмнууд харагдаж байна лээ. Үүнийг би хуулийн байгууллагаар шалгуулна. АТГ мэдээлэл хийхдээ хэргийн талаар А-гаас нь Я хүртэл дэлгэрэнгүй ярьж байна. Гэхдээ Л.Гансүхийн хэрэг бол хэрэг биш. Цагаадна. Үндэсний аудитын газрын байцаагч н.Ичинхорлоо гэж хүн дүгнэлт гаргасан байна лээ. Худал дүгнэлт байсныг баталгаажуулна. Тэр бичгийг хэн хулгайлаад авчихав гээд гайхаад байтал АТГ-ынхан өөрсдөө хулгай хийснээ зарлачихлаа. Миний цүнхнээс эд зүйлс алдагдсан асуудлаар Төв аймгийн цагдаагийн байгууллагад Эрүүгийн хуулийн 145-д зааснаар бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэж АТГ болон Төв аймгийн урьдчилан хорих төвийн хулгайч нарыг шалгуулна. АТГ-ын Д.Энхтөр, Э.Амарбат нарыг иргэний захидал харилцааны нууц задруулсан, өмгөөлөгчийн өмгөөлөх эрхийг боогдуулсан, бусдын нэр хүндэд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр халдсан, гутаан доромжилсон, гүтгэсэн гэх үндэслэлээр шалгуулна" гэв.Д.Ундрах /24tsag.mn/






















































Сэтгэгдэл (6)