
Монголын эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын холбоо /МЭБЭЭНХ/, Хүн амын сантай хамтран Сүхбаатар дүүргийн Ерөнхий боловсролын 58 дугаар сургуулийн ахлах ангийн өсвөр насны хүүхдүүдэд нөхөн үржихүйн мэдлэг олгох зорилготой өдөрлөг зохион байгуулжээ.
Энэ сарын 5-ны өдөр болсон тус өдөрлөгт МЭБЭЭНХ-ны залуучуудын зөвлөл, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв болон Нийслэлийн Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газрууд, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, хувийн хэвшлийн эмнэлэг болон Сүхбаатар дүүргийн цагдаагийн газар зэрэг олон байгууллага хамтран оролцжээ.
Өдөрлөгийн үеэр зөвхөн эрүүл мэндийн мэдлэг олгохоос гадна, эцэг эх хүүхэд хоорондын харилцаа, өсвөр үеийнхэн хоорондын харилцаа түүний онцлог байдлын талаар сэтгэл засалч эмч, сэтгэл зүйчид мэдээлэл, мэдлэг өгч, илтгэл тавьсан юм. Түүнчлэн өсвөр насны хүүхэдтэй эцэг эхчүүдийг өдөрлөгт оролцуулж, бэлгийн халдашгүй эрхтэй холбоотой хууль зүйн мэдлэг олгох лекц танилцуулсан байна.
















































