Өнгөрсөн долоо хоногт хамтарсан Засгийн газраас гарна гэдгээ мэдэгдсэн АН-ын удирдах зөвлөлийн гишүүд өчигдөр орой хуралдаж өнөөдөр болох ҮЗХ-ны хуралд бэлджээ. Өнөөдөр Төрийн ордонд 10 цагаас эхлэх энэ хуралд тус хорооны 228 гишүүн оролцож намынх даргынхаа мэдэгдлийг зөвшөөрөх эсэхээ шийднэ. АН-ын дарга Н.Алтанхуяг хурлын үеэр илтгэл тавих бөгөөд хамтарсан Засгийн газарт ороод хийсэн ажлаа тайлагнаж, Засгийн газраас гарах болсон шалтгаанаа уг илтгэлд дурьдах аж. Гэхдээ хамтарсан Засгийн газраас гарах шийдвэрийг ҮЗХ баттай дэмжинэ гэдгийг олон эх сурвалж хэлж байна.

