Үнэ ханш савлаад ирэхээр хүний байтугай намуудын сэтгэл их хөдөлдөг
бололтой. Сонгууль дөхөж байгаа нь сэтгэл хөдлөлийн температурыг нь бүр ч
их ихэсгэчихдэг аж. Шатахуун, мах араас нь өрхийн хэрэгцээний бараа
таваарууд дуу дуугаа авалцан нэмэгдэж буй тул бухимдсан хүмүүс гэм
буруутныг нэхэн шаардаж байна.
Үнэ ханш савлаад ирэхээр хүний байтугай намуудын сэтгэл их хөдөлдөг бололтой. Сонгууль дөхөж байгаа нь сэтгэл хөдлөлийн температурыг нь бүр ч их ихэсгэчихдэг аж. Шатахуун, мах араас нь өрхийн хэрэгцээний бараа таваарууд дуу дуугаа авалцан нэмэгдэж буй тул бухимдсан хүмүүс гэм буруутныг нэхэн шаардаж байна. Монгол банк долларын ханшийг барьж чадахгүй төгрөгийнхөө эрх мэдлийг сулруулсандаа буруутай гэж нэг хэсэг нь үзэв. Харин нөгөө хэсэг нь сайдын эзгүйд том толгойлон шийдвэр гаргасан дэд сайдтан туйлын буруутай гэж үзэв ээ. Тэр хэсэг гэдэг нь нам. Тодруулбал АН, МАН хоёр.

МАН-ын хувьд ЭБЭХ-ний дэд сайд Б.Ариунсанг ажлаа мэдэхгүй байгаа тул хал, “хус” хэмээн уурсав. Бүлгийн дарга Ө.Энхтүвшин ч “Засгийн газраас шатахуун борлуулдаг компаниудтай сайн ярилцаж тохиролц гэсэн үүрэг өгсөн. Гэтэл шатахууны үнийг нэмэх үүргийг засгаас гарч буй сайд нар өгөөд явж. Биднээс хойш галав юүлсэн ч яахав гэж хандсан” хэмээн гомдсон сэтгэлээ илэрхийлэв. Харин тэрбээр АН-ын зүгээс найраа, наймаагүй шууд огцруул гэсэн санал гаргаж байгаа Монгол банкны ерөнхийлөгч Л.Пүрэвдоржийн тухайд толгойг нь нэг л их зөөлөн илбээд байх шиг. Монгол банк нөхцөл байдлыг зохицуулах гэж арга хэмжээ авсан. Даанч жаахан “мэдрэмжгүй” байсан гэв. Ажлаа мэдэхгүй байх, мэдрэмжгүй байх хоёрын хооронд хол зөрүү байдаг билээ. АН-ын эрхмүүд бол Монгол банкны ерөнхийлөгчийг ажилдаа тэнцэхгүй гэдгийг бат, нот илэрхийлж байгаа ч Б.Ариунсангийн тухайд үг, үсэг цухуйлгахгүй байгаа нь “өмөөрөх сэтгэл”-ийнх нь нэг хэлбэр байлтай. Улаан, цэнхэр өнгөөр ялгарах ч яахав. Үзэл бодлоороо ялгарах ч яахав. Харин ажлаа хийж чадахгүй иргэдийн талхны мөнгөнөөс хумслаад байгаа нөхдийг талцаж аваад өмөөрч байгаа нь нинжин сэтгэл мөн гэж үү. Намын хувьд гишүүнээ харж үзэх нь зүй ёсных байж магад. Тэгвэл “таны төлөө” гэж хашгираад байдаг иргэддээ үзүүлж байгаа нинжин сэтгэл нь хаана байна аа? Хоёр зүсэм талх нь цөөрч нэг болсон, нэг хоолны махаа хоёр хувааж хэрэглэх болсон настай эмгэнийг өрөвдөхгүй байна гэж үү? Их ч байсан өмхий, бага ч байсан өмхий гэгчээр үнийн хөөрөгдөл энэ хүртэл нэмэгдэхэд нөлөөлсөн албан тушаалтнууд үүнээс ч илүү уршиг таривал яах вэ?
“Нам дагавал ам тосдоно” гэж хожуу гарсан үг хорин жилийн дотор өөрчлөгдөөгүйн гэрч энэ байна. Намынхаа сэтгэлийг хөдөлгөж “хайр татам” байх нь ийм л ашигтай байдаг аж. Өмөөрөх намтай байх ч сайхан юм аа.