Эрүүгийн цагдаагийн газар бусад холбогдох албадууд болон БСШУЯ-тай хамтран Өвөрхангай аймгийн Эрдэнэзуу хийдэд шалгалт явуулсан билээ. Уг шалгалтаар хэд хэдэн ноцтой зөрчил илэрч, тус хийдээс түүхийн хосгүй үнэт дөрвөн бурхан, алтан шармал 17 бурхан алдагдсныг илрүүлэн, хэрэгт уг хийдийн сан хөмрөгчид болон удирдлагуудыг шалгаж байсан юм. Харин хэргийг тус хийдийн сан хөмрөгч Н.Баяраа үйлдсэн болох нь тогтоогдсон байна. Тэрээр Өвөрхангай аймагт Тансаг нэртэй шашны эд өлгийн зүйл болон эртний эдлэлийн дэлгүүр ажиллуулдаг С.Энхтайван гэгчтэй хамтран үйлдсэн байжээ. Тэд хосгүй ховор бурхадыг Эрдэнэзуу хийдээс хулгайлан Хятадын иргэн Л гэгчид зарж борлуулсан гэдгээ байцаалтын үед хүлээсэн байна. Л нь тэдгээр бурхадыг авч, яг ижилхэн хуурамч бурхныг оронд нь явуулах маягаар сольж ажилладаг байсан байна.
Б.Чимэг