Өнөөдөр Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд Алтай констракшны нэхэмжлэлтэй, Хотын даргыг хариуцагчаар татсан давж заалдах шатны шүүх хурал 9.30 цагаас болно. Хэдийгээр энэ сарын 4-нд болох байсан ч “Алтай констракшн” компанийн өмгөөлөгч өвчний улмаас оролцож чадаагүй тул ийнхүү хойшилсон юм. Анхан шатны шүүх хурал өнгөрсөн оны наймдугаар 31-нд болж, нийслэлийн засаг даргын 370 тоот захирамжийг хууль бус хэмээн үзэж Алтай констракшны талд шийдвэрээ гаргасан. Гэвч шүүхийн шийдвэрийг Хан-Уул дүүргийн иргэд эсэргүүцэж гомдол гаргаснаар гуравдагч этгээдийн хүсэлтээр шүүх хурал болох юм. Хэргийг сануулбал, өнгөрсөн хавар Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны 120 мянгатын автобусны буудлын хажууд байрлах 0,9 га газарт “Алтай констракшн” ХХК-ынхан орон сууц барих ажил эхлүүлсэн. Гэвч оршин суугч, дүүргийн ИТХ-ын гишүүдийн хүсэлтээр тус компанийн газрын зөвшөөрлийг хотын дарга Г.Мөнхбаярын 370 тоот захирамжаар газар эзэмших эрхийг нь цуцалж байсан юм.
Б.Чимэг