"Прокурорууд 700 мянгаас сая 500 мянган төгрөгийн цалин авдаг"
Шүүхийн
ерөнхий зөвлөлийн дарга шийдвэр гаргаж, шүүгчдийн цалинг нэмсэн. Тэгвэл
шүүгчдийн жишгээр прокурорууд цалингаа нэмүүлэхийг хүссэн талаар бид
мэдээлж байсан. Прокурорууд ажлын ачаалал, үйл ажиллагааны онцлогыг
харгалзан прокурорын цалинг шүүгчийн цалинтай хамтатган урд нь тогтоодог
байсан жишгээр, зохист харьцаанд байхаар шинэчлэн тогтоолгох хүсэлтээ
УИХ-ын дарга З.Энхболд болон нам эвслийн бүлгүүдэд хүргүүлсэн байгаа юм. Одоогоор прокурорууд 700 мянгаас 1 сая 500 мянган төгрөгийн цалин авдаг юм байна. Мөн цалингийг ажилласан жилээс хамааран олгодог аж. Гэвч тэд цалин хүрэлцэхгүй, бид шүүгчид шиг цалинтай байх ёстой гэж "хошуугаа" унжуулжээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгчдийн цалингийн хэмжээг 2.7-3.3 сая төгрөгийн хооронд тогтоосон
Шүүгчийн цалингийн асуудлыг Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуулийн 23.1-т тодорхой заасан байдаг. Энэ нь шүүгч хараат бусаар ажиллаж, амьдрах баталгааг нь бүрэн хангасан байх, хэм хэмжээтэй байх ёстой. Үүний дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгчдийн цалингийн хэмжээг 2.7-3.3 сая төгрөгийн хооронд тогтоосон байдаг. Шүүгчийн цалинг тогтоохдоо МУИС-ын судалгааны багт захиалга өгч Шүүгч хараат бус ажиллаж амьдрах нөхцлийг хангахдаа ямар хэмжээний цалин авах ёстой вэ гэдэг судалгаа явуулсан байдгийг дурдах нь зүйтэй биз ээ. Үүний үр дүнд цалингийн хэмжээг дээрх байдлаар тогтоосон гэдгийг ШЕЗ-өөс тайлбарлав.
Гэхдээ Анхан шатны шүүхийн шүүгч 2.7 сая төгрөг, Давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч 3.3 сая төгрөг байхаар ялгавартай тогтоосон нь цаанаа учиртай. Нэмээд буйн учир нь шүүгчийг хэн нэгнээс хараат бус, нөлөөлөлд автахгүйгээр амьдрах нөхцлийг бүрдүүлэх гол "түлхүүр" гэлтэй.
Дээр дурдсан цалингийн хэмжээ бол албан тушаалын цалин юм. Энэ дээр нэмэгдээд Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуулийн 23.2 дээр шүүгчээр ажилласан жилээс хамаарч нэмэгдэл авна гэж байгаа. Тухайлбал, таван жилээс эхлэн жил бүр хоёр хувийн нэмэгдэл авна. Мөн арван жил ажиллавал арван хувийн нэмэгдэл авах юм. Иймээс ажилласан жилээс хамаарч шүүгчид цалин ялгаатай байна гэдгийг албаны эх сурвалж онцолсон юм.

УИХ-ын гишүүдийн зүгээс шүүгчдийн цалингийн нэмэгдлийг дэмжиж байна
УИХ-ийн
гишүүдийн зүгээс шүүгчдийн цалинг УИХ-аас тогтоох ёстой гэсэн байр
суурьтай байгаа. Иймээс Шүүгчийн эрхзүйн байдлын тухайн хуулинд өөрчлөлт
оруулж, шүүгчийн цалингийн хэмжээг УИХ-аас тогтоох уу гэсэн төсөл
явагдаж байгаа гэдгийг эх сурвалж мэдээллээ. Энэхүү хуулийн төсөл
батлагдах юм бол УИХ-аас шүүгчийн цалингийн хэмжээг тусгайлан тогтоодог
болох аж. Гэхдээ хүлээн зөвшөөрч байгаа төрийн өндөрлөгүүд ч байгаа. Тухайлбал,УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл “Багш, эмчийн цалинг шүүгчийн цалинтай барьцуулж ойлгож болохгүй. Шүүх эрх мэдлийн хараат бус байдал төр улсын хэмжүүр болж байдаг. Шүүхэд төсөв мөнгийг нь хангалттай хуваарилж, бие даан, хараат бусаар ажиллах нөхцлийг нь хангаж өгснийхөө дараа шударга ёс, өндөр түвшний ёс зүй шаардана” гэсэн юм. Харин Ц.Оюунгэрэл сайд “Шүүгчид өндөр цалинтай хараат бусаар ажиллах ёстой гэдгийг би дэмжиж байна. Ямар ч байсан би шүүхийн төсөв, шүүгчдийн цалин хангамжийн асуудал дээр дэмжсэн байр суурьтай байгаа” гэв.

Цагдаагийн албаныхан шүүх, прокурортой барьцах эрхтэй юу?
Иргэдийн
зүгээс шүүх, прокурор хоорондоо барьцаж байгаа энэ явдалд сөрөг байр
суурьнаас хандаж байна. Учир нь олон нийтийн масс гудамжинд явж байгаа
жинхэнэ гэмт хэрэгтэнтэй тулж ажиллаж байгаа цагдаа нар өнөөдөр маш бага
цалин авдаг. Гэтэл тэд шүүгчид, прокурорын хэмжээнд цалингаа
нэмэгдүүлэхийг шаарддаггүй. Ийм байхад ширээний ард сууж байдаг
хүмүүсийн цалинг нэмж, өөр хооронд нь өрсөлдүүлж байдаг. Тэд хийсэн
ажил, ажлын бүтээмжээрээ өрсөлдөж, барьцахгүй байж, цалин дээрээ ингэж
байгаа нь хэр шударга вэ гэх зэргээр бухимдлаа илэрхийлж байгаа юм.
Д.Ундрах /24tsag.mn/





















































Сэтгэгдэл (54)