Нөөцөлсөн махны худалдаа зах зээлд гараад гуравдахь өдөртэйгөө золгож байна. “Шинэ” махнаас хоёр дахин хямд үнээр зарж байгаа үхэр, хонь, ямааны махны худалдаа хэр эрчимтэй байгааг сонирхож, нийслэлийн 11 дэлгүүрээр орлоо. Эдгээрээс хоёр дэлгүүрт л нөөцийн мах зарж байсан юм. “Минии” сүлжээ дэлгүүрт өнөөдрөөс мах ирнэ гэсэн мэдээлэлтэй байгааг худалдагч эрэгтэй нь хэлэв. Харин “Номин” сүлжээ дэлгүүрүүдэд нөөцийн мах огт ирээгүй бөгөөд нэг л дэлгүүрт нь ирсэн бол бусад бүх дэлгүүрт тараасан гэсэн үг шүү гэдгийг худалдагч эмэгтэй тайлбарлалаа.
Дөрөвдүгээр хороололд нөөцөөс 3200 төгрөгөөр хонь, 3700-аар үхрийн мах зарж байгаа нэгэн дэлгүүрт өчигдөр орой очлоо. Ажил тарсан, 19 цагийн үед тор, сагс барьсан хүмүүс дэлгүүрээр дүүрэн холхиж байв. Танхимын зүүн хойд буланд, хана дагуулсан том хөргөгчний цаад үзүүрт дунд зэргийн ширээ байрлуулаад, “НӨӨЦ МАХ” гэж том үсгээр жижгэвтэр цаасанд бичжээ. Түүнийг нь хараагүй эгч нар, ээж нар худалдагчаас нөөцийн мах зарж байгаа юу хэмээн лавлана. 1-2 килограммаар хуваарилан, ууталсан “САМО МАХ” хэмээх бичигтэй махыг нааш цааш болгон үзэцгээж байлаа. Хонины мах нь мөч ихтэй, идэх юм алга гэж хэлж байсан ч үхрийн мах нь харин сайн юм гэцгээнэ. Бараандуу улаан өнгөтэй, голдоо жижиг ястай, үхрийн том цул махыг 2.6 кг-аар ууталжээ. Зараад дуусч байгаа болов уу гэмээр жаахан махны дийлэнх нь нэгдүгээр сарын 16-нд худалдаанд гаргасан бичигтэй байв. Тэдгээрийн дунд нэг л мах “...17-нд үйлдвэрлэв” гэсэн байсныг бодоход нөөцийн мах худалдаанд гарсан эхний өдөр тааруухан борлогдсон бололтой. Харин өчигдөр буюу 17-нд ирсэн махнууд өдөртөө дуусч байгаа нь тэр аж. “Өдөр бүр мах ирж байгаа” гэж худалдагч эмэгтэй хэлсэн.
Харин өнөө өглөө хэд хэдэн дэлгүүрээр ороход 11 дүгээр хороололд байдаг нэг л дэлгүүрт худалдаж байгаа гэв. Гэсэн ч 9:20 цагт ороход махны худалдагч нь ирээгүй, нөөцийн мах харагдахгүй, “нойтон” мах нь бүтээлэгтэй байсан юм. Өөр нэг ажилтнаас нь асуухад өдөртөө ирээд л дуусчихаад байгаа гэж өнгөрсөн хоёр хоногийн махны худалдаагаа товчхон тайлагнав. Энэ дэлгүүрт хонь, үхрээс гадна ямааны мах худалдаж байгаа аж. Миний араас бас нэгэн эрэгтэй, эмэгтэй хүн орж ирээд нөөцийн мах сураглаж харагдлаа. “Ер нь гайгүй мах байна лээ, хүмүүс ам сайтай авч байгаа шүү” гээд дэлгүүрийн ажилтан ажлаа үргэлжлүүлэв.
“Дэнжийн 1000”, “Нарантуул 2”, “Бөмбөгөр” зэрэг захаар нөөцийн мах зараагүй байна. Зөвхөн сүпермаркетуудаар борлуулж байгаа бөгөөд зах зээлийн ханшаас хоёр дахин хямд байгаа махыг ченжүүд овжиноор ашиглаж магадгүй. Захын мах худалддаг эмэгтэйчүүд “Сүпермаркетуудаар нөөцийн мах зараад эхэлчихэж. Очиж авчрах юмсан, орой очихоор дуусчихаад байх юм” гэж ярьж байгааг харсан хүмүүс хэллээ. Түүнээс гадна бензиний үнийн өсөлтөөс хамаарч 7000 давсан "шинэ" махны ханш буураагүй байгаа харагдсан.
Нөөцийн махны худалдаа ингэж өрнөж байна. Өнгөрсөн жил зарим мах нь хэтэрхий хатуу, тааруухан байсан гээд муулах хүн байлаа. Харин өнөө жилийнх нь өөр байгаа бололтой. Энэ оны долдугаар сарыг хүртэл нөөцийн мах зарах бөгөөд нийслэлийн хороо бүрт 2-3 цэгээр борлуулна гэсэн. Уг ажил өнөөдрөөс жигдэрч эхлэх бололтой.

Харин өнөө өглөө хэд хэдэн дэлгүүрээр ороход 11 дүгээр хороололд байдаг нэг л дэлгүүрт худалдаж байгаа гэв. Гэсэн ч 9:20 цагт ороход махны худалдагч нь ирээгүй, нөөцийн мах харагдахгүй, “нойтон” мах нь бүтээлэгтэй байсан юм. Өөр нэг ажилтнаас нь асуухад өдөртөө ирээд л дуусчихаад байгаа гэж өнгөрсөн хоёр хоногийн махны худалдаагаа товчхон тайлагнав. Энэ дэлгүүрт хонь, үхрээс гадна ямааны мах худалдаж байгаа аж. Миний араас бас нэгэн эрэгтэй, эмэгтэй хүн орж ирээд нөөцийн мах сураглаж харагдлаа. “Ер нь гайгүй мах байна лээ, хүмүүс ам сайтай авч байгаа шүү” гээд дэлгүүрийн ажилтан ажлаа үргэлжлүүлэв.

Нөөцийн махны худалдаа ингэж өрнөж байна. Өнгөрсөн жил зарим мах нь хэтэрхий хатуу, тааруухан байсан гээд муулах хүн байлаа. Харин өнөө жилийнх нь өөр байгаа бололтой. Энэ оны долдугаар сарыг хүртэл нөөцийн мах зарах бөгөөд нийслэлийн хороо бүрт 2-3 цэгээр борлуулна гэсэн. Уг ажил өнөөдрөөс жигдэрч эхлэх бололтой.
Б.Ганбилэг
ganbileg@24tsag.mn
ganbileg@24tsag.mn