Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн онд халдварт шар өвчний тархалт өмнөх оны мөн үеэс нэмэгдэж, Хан-Уул дүүргийн хэмжээнд хотын дунджаас дээгүүр үзүүлэлттэй, цаашид сургууль, цэцэрлэгийн насны хүүхдийн дунд өвчлөл хурдацтай нэмэгдэх магадлал буйг харгалзан үзэж урьдчилан сэргийлэх дараах ажлуудыг зохион байгууллаа. Дүүргийн Засаг даргын 393 дугаар захирамжаар Засаг даргын орлогч М.Орхонбаяраар ахлуулсан ажлын хэсэг байгуулан 11 заалт бүхий төлөвлөгөө гарган хэрэгжилтийг хангаж ажиллав. Сургуулийн болон сургуулийн өмнөх насны 2600 хүүхдийг халдварт шар өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд хамруулж, “Халдварт шар өвчнийг бууруулахад төр-олон нийтийн түншлэлийг сайжруулъя” зөвлөлгөөн, “Цэвэр гар-Эрүүл байхын үндэс” хоёр сарын аяныг зохион байгуулсаны үр дүнд өвчлөл 17 тохиолдлоор буурсан байна. Мөн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх эм, тариа, ариутгалын бодисын нөөцийг бүрдүүлэхэд Засаг даргын нөөц сангаас 21.9 сая төгрөгийг зарцуулав. Цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг тодорхой болгон, нэгж байгууллагад хүргүүлсэн нь халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж чадлаа.
Б.Чимэг