Хятад
болон Өмнөд Солонгост 60 жилд ганц тохиох хар луу жил өчигдөр гарлаа. Луу жил
гарсан энэ онд ажил үйлс нь өөдрөг бүтэмжтэй байж, хөрөнгө мөнгө нь аривжихыг
бэлгэдэн Хятадад ихэвчлэн улаан дугтуйтай мөнгө бэлэглэдэг боловч сүүлийн
жилүүдэд бэлэг өгөх хандлага өөрчлөгдөж алтан зоос бэлэглэх болсон байна.
Хятадын үнэт эдлэлийн дэлгүүрүүдэд өнгөрсөн сараас эхлэн алтан ээмэг, зүүлт,
гоёл чимэглэлийн зүйлс болон алтан луу, гулдмай, зоос мэтийн бэлэг дурсгалын
зүйлс өндөр эрэлттэй байсан байна. Ер нь, сүүлийн нэг жилийн хугацаанд Хятадын
алтны хэрэглээ 16 хувиар өсч, 514 тоннд
хүрээд байгаа юм. Жирийн иргэдийн дунд ч алтан гулдмай, алтан луу зэрэг үнэт
эдлэл худалдан авч, хөрөнгөө найдвартайгаар хадгалах сонирхол их байгаа тухай
хэвлэлүүд онцолж байна. Хятадуудын хамгийн хөл хөдөлгөөнтэй байдаг цагаан сарын
өмнөх хэд хоногт тэнгэр муудаж, цаг агаар тавгүйтсэн нь олон сая хүний аяллыг
саатуулжээ. Цагаан сараар хөдөө, орон
нутаг дахь гэр, төрөл садан руу гаа очих гэсэн хүмүүсийн хөдөлгөөн энэ сарын
8-наас илт нэмэгдэж, эхэлсэн бөгөөд өнгөрсөн долоо хоногт хот хоорондын зорчигч
тэээврийн ачаалал оргилдоо хүрч, зөвхөн нэг өдөрт гэхэд 83.7 сая хүн замд
зорчиж байгаа юм байна. Цагаан сарын үеэр давхардсан тоогоор нэг тэрбум хүн
авто зам болон төмөр замаар зорчино гэсэн таамаг байгаа юм. Цаг агаарын таагүй
нөхцөл байдал Цагаан сарын үеэр ч үргэлжлэх төлөвтэй байгаа учир иргэдийг авто
замаар зорчихдоо тайван болгоомжтой, яарахгүй явахыг эрх баригчдын зүгээс
анхааруулж байна.
Т.Хулан