Адистидын манлайг өршөөгч язгуур үндэсний лам
Агуу шидийн хурыг буулгагч амирлангуй хилэнт ядам,
Ад зэтгэр бүгдийг арилгагч дагинас номын сахиусдад
Ариун гурван үүдний чин бишрэлээр сүсэглэн мөргөмүй.
Адистидын манлайг өршөөгч язгуур үндэсний лам
Агуу шидийн хурыг буулгагч амирлангуй хилэнт ядам,
Ад зэтгэр бүгдийг арилгагч дагинас номын сахиусдад
Ариун гурван үүдний чин бишрэлээр сүсэглэн мөргөмүй.
Умар зүгийн Монгол орны аврал итгэл Монгол улсын Бурханы шашны тэргүүн Дээрхийн гэгээнтэн IX Жэвзүндамба хутагт шавь олныг дээдийн номын рашаанаар цэнгүүлэн зохиож байгаад 17-р жарны усан луу жилийн хаврын тэргүүн сарын шинийн 8 буюу 2012 оны 3-р сарын 1-ний луу цагт ертөнцийн мөнх бусыг үзүүлэн дүрст лагшинг номын агаарт хураалаа.
Дээрхийн гэгээнтэн Жэвзүндамба хутагт бээр Бурхан багшийн рид хувилгааныг олон нийтэд үзүүлсэн их ерөөлийн 15 хоногт, тэр дундаа Бурхан багш бээр тэрсүүдийн буруу үзэл онолыг няцаан дээдийн ном ялан дийлсэн өдөр буюу хаврын тэргүүн сарын шинийн 8-ны онцгой дүйчэн өдрийг болгоон таалж, дээд төрөлхтний шинжийг үзүүлж нярваан дүрийг барьсанд Монголын нийт лам хувраг, сүсэгтэн олны зүгээс харамсан гашуудаж гүн эмгэнэл илэрхийлж байна. Гэвч таны урвалтгүй очирын мөн чанарт лагшин цаг ямагт биднийгээ энэрэн болгооно гэдэг нь дамжиггүй билээ.
Дээрхийн гэгээнтэн 9-р Богд Жэвзүндамба хутагт та болон таны урд урдын дүрүүдийн Монголын шашин соёл, эв нэгдэл, тусгаар тогтнолд оруулсан цаглашгүй гавъяаг Монголын ард түмэн үеийн үед дурсан санаж хүндэтгэн дээдэлж явахаа илэрхийлье.
Дээрхийн гэгээнтэн Жэвзүндамба хутагт Монголын ард түмэндээ Бурхадын энэрэл нигүүсэл, билгэ ухаан хийгээд хүч чадлын эрдмийн гүйцэт адистидийг оршоохын тухайд гүн бэлгэдлийг жигдрүүлж, төр түмний шүтээн Мэгжид Жанрайсиг бурхантай зэрэгцүүлэн Очирваань, Манзушир бурхдыг бүтээн залж, тэдгээрт Монголын ард түмний сайн бүхнийг даатган үйлдсэн. Таны бүтээн залсан язгуурын гурван бурхад Монголын ард түмнийг цаг ямагт ивээх болтугай.
Дээрхийн гэгээнтэн 9-р Богд Жэвзүндамба хутагт нирваан дүрийг барих хүртлээ Монголын ард түмэн төдийгүй Монгол туургатныхаа сайн сайхны төлөө цаг үргэлж залбирч, тааллаа чилээн айлдвар сургаалаа айлдаж байсан энгүй ачтан, номын их багш байсан. Тэрээр Монголын лам хуврагууд сахил санваар, ёс дэгээ номын ёс дагуу сахиж, энэрэл нигүүлслийн үүднээс бусдын тусыг хичээнгүй үйлдэж байхыг, Монголын нийт ард түмэнд эв эеэ хичээн уламжлалт шашин соёлоо хайрлан хамгаалж, хөгжүүлж байхыг цаг ямагт захин сургаж байсан бөгөөд энэхүү хутагтын захиасыг шавь нар бид цаг ямагт эрхэмлэн дээдэлнэ.
Дөрвөн зуун шахам жилийн тэртээгээс Монголын авралт богд Өндөр гэгээн Занабазараас хойш удаа дараалан заларч байсан Жэвзүндамба хутагтууд Монголын шашин соёлд үлэмж их ач тус үзүүлж байсны адилаар 9-р дүрийн Жэвзүндамба хутагт таны дараагийн дүр Монгол орондоо түргэн хувилан төрж, шашны нараар Замбутивийг гийгүүлэх болтугай.
Богд Жэвзүндамба хутагтын хойдын буянд нийт сүсэгтэн олон зул хүжээ өргөн, маань мэгзмийг олон тоогоор уншиж, нүгэл хилэнцээс ангид байж, хотол буяныг хураахыг уриалж байна.
Дээрхийн гэгээнтэн Жэвзүндамба хутагт нь Монголд төдийгүй дэлхийн Бурханы шашинт улс оронд алдаршсан шашны нэрт зүтгэлтэн байсан бөгөөд тэдгээр улс орны шашинтангуудаас цаг мөч болгонд эмгэнэл илэрхийлсээр байна.
Төрөл бүхэндээ билгэ төгс багш лугаа
Төөрч хагацалгүй номын шимийг хүртээд
Газар мөрийн эрдмийг машид гүйцээгээд
Очирдарийн хутагийг түргэн олох болтугай.
МОНГОЛЫН БУРХАНЫ ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙД
ТЭРГҮҮН ИХ ХАМБА ЛАМ, ГАВЖ Д.ЧОЙЖАМЦ
XVII жарны усан луу жилийн хаврын тэргүүн сарын шинийн найман буюу
2012 оны 3 дугаар сарын 1 өдөр