Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон ШШГЕГ-ын харъяа эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар анги дээр зочиллоо. Дэд сайд тус ангид хоёр дахь удаагаа очиж байгаа бөгөөд энэ удаад эрхээ хасуулсан эмэгтэйчүүдэд баярын өдрийг нь тохиолдуулан үзлэг оношлогоонд хамруулах зорилгоор нарийн мэргэжлийн эмч нартай хамт ирсэн.

Биднийг тус хорих ангийн захирагч, Хошууч А.Намсаманд хүлээн авч үйл ажиллагаа, дотоод дүрэм журмыг танилцуулж хүмүүжигчдийн маань сэтгэл шаналлыг багахан ч гэсэн хугацаанд сатааруулж хүрэлцэн ирсэнд нөгөөтэйгүүр бүх эмэгтэйчүүдийг эмнэлгийн үзлэг оношлогоонд хамрагдуулж байгаад талархал илэрхийлэв.
Улсдаа ганцхан байдаг энэ хорих анги тэртээ 1974 онд бие даасан хорих анги болон байгуулагджээ. Ангийн захирагчийн танилцуулснаар хориход өнөөдрийн байдлаар 18- 40 насны 400 гаруй эмэгтэйчүүд хүмүүжиж байгаа бөгөөд 8 эх, 7 хүүхэд байдаг аж. Түүнээс 60 гаруй нь чанга дэглэмтэй хорих ангид хүмүүжиж байна. Эдгээр хүмүүжигчийг нийгэмшүүлэх зорилгоор хорих ангиас мэргэжлийн сургалт явуулахын сацуу мэргэшсэн хүмүүжигчдийг “Буян” ХХК-ийн оёдлын үйлдвэрт гэрээгээр ажиллуулдаг байна. Түүнчлэн давтан гэмт хэрэг үйлдсэн эмэгтэйчүүдийн тоо маш бага байдгийг ч мөн хэлсэн. Дэд сайд хүмүүжигч эмэгтэйчүүдэд хандан Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэндийг хүргэн эрүүл энхийг хүсээд “Бүсгүйчүүд та бүхэн амьдралдаа урам зоригтой байж алдаа дутагдлыг гаргасан бол дахин давтахгүй хойч үедээ үлгэр болж үр хүүхэд танил нөхөддөө гашуун туршлагаасаа сургамж хайрлаж зөв сэтгэлээр яваасай гэж хүсэж байна” гэв. Үүний дараагаар хорих ангид ял эдэлж байгаа 400 гаруй эмэгтэйд “Мэри стопс” эмнэлгийнхэн гарын бэлэг гардуулсан. Бэлэг гардуулсны дараа дэд сайд бүсгүйчүүдийн хамтаар дасгал хийв.
Ийнхүү дасгал дууссаны дараа “Орчлонгийн сайхан хүүхнүүд”, “Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай” зэрэг дуунуудыг хамтдаа дуулсан юм. Хорих ангийн эмэгтэйчүүдтэй уулзаж тухайн нөхцөл байдалтай танилцаж хорих ангийн эмнэлгээр оров. Мэргэжлийн эмч нар хорих ангийн эмнэлэгт тоног төхөөрөмжөө суурилуулж бүх эмэгтэйчүүдийг үнэ төлбөргүйгээр үзлэгт хамруулсан юм.