
Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн төслийн санхүүжилтээр шүүхийн үйл ажиллагаанд нэврүүлэх гэж буй "Иргэн-1" программын сургалтын эхэнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Захиргааны удирдлагын хэлтсийн дарга Р.Мэндсайхан Шүүхийн мониторингийн үзэл баримтлал, шүүхийн бүтэц зохион байгуулалт, хэргийн хөдөлгөөний менежмент, шүүхийн ажилтнуудын ёс зүйн талаар товч танилцуулсан байна.
Мөн ГОУХАН-ийн “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах” төслийн менежер Б.Жавхлан шүүхэд хэрэгжүүлж байгаа төслийн талаар танилцуулсан байна.
Уг сургалтад Улсын дээд шүүхийн шүүгч, иргэний хэргийн мониторингийн ажлын хэсгийн ахлагч Л.Бямбаа шүүхийн мониторингийн зөвлөлийн хэрэгжүүлж буй "Иргэн-1" программын талаар мэдээлэл хийжээ. Харин мэргэжлийн хичээлийг "Иргэн-1" программын гүйцэтгэгч “Интерактив” ХХК-ий мэргэжилтнүүд серверийн үйлдлийн систем суурилуулалт, системийн админы үүрэг сэдвээр сургалт хийж, программын ажиллагааг бодитоор танилцуулж, харилцан ярилцлага хийлээ.
Сургалтын хоёр дахь өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн мэдээллийн технологийн тасгийн дарга Д.Мөнхзориг шүүхийн мэдээллийн технологийн өнөөгиийн байдал, цаашид хийгдэхээр төлөвлөсөн ажлуудын талаар танилцуулсан байна. Энэ үеэр шинэ санаа болон харилцан туршлага солилцож, хэрэгжүүлэх боломжтой ажлууд яригдсан бөгөөд цаашид шүүхийн мэдээллийн технологийн мэргэжилтнүүд цахим хэлбэрээр хэлэлцүүлэг явуулж байхаар тохиролцжээ.
Б.Чимэг