

Хэлэлцүүлгийн үеэр манай оронд хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн 16 мянган орчим хүн байна гэж ярьжээ. Нэг хүний ард дөрвөн хүн байдаг гэж мэргэжилтнүүд дүгнэдэгийг үндэслэн дээрх тоог 60 мянга болгон барагцаалан гаргасан байна. Хар тамхитай холбоотой асуудал ингэж Ерөнхийлөгчийн түвшинд яригдаж байгаа нь манай улс газар нутгийн хувьд ОХУ, БНХАУ гэсэн хоёр том гүрний дунд оршиж байдагтай холбоотой гэжээ. Мөн үндэстэн дамнасан хар тамхины сүлжээ Монголд аль хэдийн суурьшсан, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодист донтох нь архинд донтохоос 60 дахин илүү зэрэг асуудлыг хэлэлцүүлгийн үеэр онцолсон байна.
Цаашид манай улсын үндэсний аюулгүй байдалд нөлөөлж буй уг асуудлыг шийдвэрлэхийн тулд энэ талаарх хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгохоос ажлаа эхлэх нь зүйтэй гэж үзэв. Тодруулбал манай улсын энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон хүмүүст оноож буй ял хөнгөн байдгийг далимдуулж, хоёр хөршөөс ирсэн хууль бус бүтээгдэхүүн манайд орж ирэх боломж байгаа учраас хар тамхи, мансууруулах бодистой холбоотой энэ асуудлыг ҮАБЗ анхааралдаа авч байгаа гэжээ.
Д.Идэр