Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн ИТХ, Анчдын нийгэмлэгээс хамтран Өмнөговь аймгийн “Анчдын нийгэмлэг”-ийн тавдугаар зөвлөгөөнийг өнгөрсөн долоо хоногт Даланзадгад суманд зохион байгууллаа. Зөвлөгөөнд сум бүрээс гурван анчин, нийт 52 хүн хамрагдав.
Зөвлөгөөнөөр Өмнөговь аймгийн ан амьтны нутагшлын байдал, хамгаалах асуудал, Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ан амьтад, тэднийг хамгаалах талаар хийгдэж байгаа ажлууд, аймгийн мал сүрэг, ан амьтны өсөлтөд чонын хөнөөлийг бууруулах арга зам зэрэг сэдвээр холбогдох хүмүүс сонирхолтой илтгэлүүд тавьж, мэдээлэл өглөө.
Мөн 2000 оноос хойш зогссон байсан Анчдын нийгэмлэгийн ажлыг сэргээн ажиллуулахаар шийдвэрлэж, шинэ бүтцээр удирдах зөвлөлийг сонгон томиллоо. Олон жил үр бүтээлтэй ажилласан зарим анчинг ИТХ, Засаг дарга, Анчдын нийгэмлэгийн нэрэмжит шагналуудаар шагнав.
Түүнчлэн цаашид Өмнөговь аймгийн ан амьтныг хамгаалах, тоо толгойг нэмэгдүүлэх, манай нутагт ховордоод байгаа хуланг нутагшуулах, ан амьтан ундаалдаг булаг шандыг сэргээх, шинээр нөхөрлөлүүд бий болгох, биотехникийн арга хэмжээ авах, нөөцийн судалгаа гарган ажиллахаар болжээ.
Б.Чимэг