Дундговь аймгийн иргэн Ө,Ц нар арслан зааны соёог БНХАУ-ын иргэнд 10 сая төгрөгөөр худалдаалахаар улсын хилээр гаргах гэж байсныг Өмнөговь аймгийн хилийн албаныхан илрүүлжээ. Тиймээс тус зүйлийг хураан, арслан, зааны соёо мөн эсэхийг тогтоохоор Шинжлэх ухааны академийн паленталогийн төвд хүлээлгэн өгсөн байна. Энэ талаар Шинжлэх ухааны академийн паленталогийн төвийн дүн шинжилгээний ажилтан Б.МАЙНБАЯРААС тодрууллаа.
-Хилчдийн илрүүлсэн зүйлийг арслан зааны соёо мөн эсэхийг тогтоосон уу?
-Миний хувьд хөхтөн амьтад буюу яг энэ арслан зааныг судалдаг. Хилчдийн илрүүлсэн зүйл бол паленталогийн ховор олдвор юм. Паленталоги гэдэг нь эртний амьтан ургамлын үлдэгдэл буюу дэлхийн түүхийг судалдаг шинжлэх ухаан. Соёоны эх биеийг хараад насыг нь тодорхойлох боломжгүй. Гэхдээ чулуужиж амжаагүй байхыг нь харахад 10-аас 14 мянган жилийн өмнө амьдарч байсан арслан зааны соёо болов уу гэж үзэж байна. Арслан заан буюу /mammunthus/ нь хүний нийгэмтэй холбоотой. Монгол Улсын том том голын сав газраас эрүү, шүд, соёо гэх мэт зүйл нь олддог. Байгалийн түүхийн музейд Төв аймгийн Жаргалант сумаас олдсон хоёр хос соёо бий.
-Арслан заан гэх амьтан шинжлэх ухааны талаасаа хэдий үед амьдарч байсан юм бол?
-Гуравдагчийн сүүл буюу дөрөвдөгчийн эхэн үед /1,3 сая жилээс нааших үе/ арслан зааныг үүссэн гэж үздэг. Үүнээс өмнө хөхтөн амьтны үүсэл болох мэрэгчид хожуу цэрдийн үе буюу 65 сая жилийн өмнө амьдарч байсан ул мөр бий.
-Энэхүү олдворыг харахад их эвдэрч хэмхэрсэн байна. Үүнийг танай төв цаашид яах вэ?
-Олдворыг олсноос хойш удсан шинж тэмдэг харагдаж байна. Уг олдвор газрын хөрсөнд чийглэг орчинд байсан учир газрын гадарга дээр гараад хатаад хагарч гэмтсэн байна. Үүнийг шунахайн сэдэлтэйгээр авсан учир их гэмтээсэн байна. Тиймээс маш болгоомжтой тээвэрлэх хэрэгтэй. Энэ бол соёлын өвийн үнэт дурсгалт зүйлсийн тоонд орно. Үүнийг судалж сэргээн засварлаад төвийнхөө фондонд хамгаалалтад авч хадгална.
Б.Чимэг