
Харин Ж.Энхбаяр сайдыг МАН-ын гишүүд нь огцруулахгүй хэмээн хамгаалсаар байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир “Сайдын зөвлөл дээр ярьсан яриаг нь өлгөөд байгаагаас төрийн захиргааны шийдвэр гэж хэлбэржсэн зүйл байхгүй. Энэ хүнийг огцруулъя гэсэн үндэслэл, нотлох баримт байхгүй” гэв. Мөн тус намын гишүүн, УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Төрийн нарийн бичгийн даргыг өөр ажилд шилжүүлсэнтэй холбогдож энэ асуудал үүслээ. Анх Ш.Сүхбаатар хурандаа АН-ын бүлгийн хурал дээр сайдаас асуулгүй оролцох ёсгүй байсан. Байлдааны бэлэн байдал гэсэн үгэн дээр дөрөөлж улс төржүүлээд байна” гэж өмөөрөв. Ж.Энхбаяр сайдыг огцруулах саналыг УИХ-д оруулсан Э.Бат-Үүл гишүүн “Сайдтай хариуцлага тооцох нь парламентын эрх, үүргийн асуудал. Нотлох баримтын тухайд шаардлагатай бол өөрийнх нь амнаас унасан үгийг, ярилцлагыг нь сонсгож болно” гэлээ.