“Долдугаар сарын 1”-ний гэх хэрэгт ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, нийслэлийн Цагдаагийн газрын дарга асан, хурандаа О.Зоригт, Хэв журмын хэлтсийн дарга асан, хурандаа Ш.Батсүх нарыг буруутган, шүүхээр болоод байгаа. Тэднийг өнгөрсөн сарын 27-нд шүүх байсан ч тухайн үед Ерөнхийлөгч байсан Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан С.Баяр, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн асан, Д.Лүндээжанцан, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Мөнх-Оргил нарыг оролцуулахаар хойшлуулсан. Тиймээс тус эрхмүүдэд өнгөрсөн долоо хоногт шүүхийн зарлан дуудах хуудас илгээсэн. Уг асуудалд МАХН-ын дарга Н.Энхбаяр шүүх хурлаар жүжиг тоглох гэж байгаа бол би очихгүй, харин үнэнийг олно гэвэл очно хэмээн мэдэгдэж байсан. Харин тэрээр өнөөдөр уг шүүх хурлыг нээлттэй болгоно уу хэмээн УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд хүсэлт илгээсэн байна. Түүний хүсэлтийг бүрэн эхээр нь нийтэллээ.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ ТАНАА
“Долдугаар сарын нэгэн”-ий тухай
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүх “долдугаар сарын 1”-ний үйл явдалтай холбогдуулан миний биеийг гэрчээр дуудах тухайгаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгджээ. Миний хувьд тухайн үед Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлж байсны хувьд “долдугаар сарын 1”-ний харамсалтай үйл явдлын талаар шүүх хуралд гэрчийн мэдүүлэг өгөх нь зүйтэй гэсэн байр суурь баримтлаж байгаа юм.
Шүүх хуралд хэлэлцэгдэх асуудал нь үндэсний аюулгүй байдалтай холбоотой, төрийн нууцад хамаарах асуудал гэсэн нэрийдлээр шүүх хурлыг хаалттай хуралдуулах шийдвэрийг Сүхбаатар дүүргийн шүүхээс гаргасан байна. “Долдугаар сарын 1”-ний үйл явдал нь олон түмний нүдэн дээр үүсэн бий болсон төдийгүй хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ч хангалттай мэдээлэгдсэн билээ. Нэгэнт ингэж олон түмний өмнө бий болсон асуудлыг нууцлах, нууцаар шийдвэрлэх нь ард түмэнд буруу ойлголт өгч болзошгүй юм.
Нөгөөтэйгүүр долдугаар сарын нэгэнд юу болж өнгөрсөн тухай өөр өөрийн өнцгөөс, улс төржүүлсэн мэдэгдлийн улс төрчид гаргаж, тухайн үед хохирсон хэлмэгдсэн хүмүүс, хохироож хэлмэгдүүлсэн хүмүүс болон үндсэндээ хоёр талцан нэг нэгнээ буруутгаж байна.
2012 оны УИХ-ын сонгууль дөхөх тусам хэргийг үнэн зөвөөр шийдэх, шүүхээс гарсан шийдвэрийг үнэн зөв гарна гэдэгт итгэх хүмүүсийн тоо улам цөөрч, харин асуудлыг улс төржүүлэн замхруулах сонирхолтой байна гэж үзэж байгаа хүмүүсийн тоо нэмэгдсээр байна.
Иймд тус өдөр эмх замбараагүй байдал бий болгосон үйлдэл, шалтгаан, тийм байдал буй болгож өдөөн дэмжсэн хүмүүс, нөхцөл байдлыг даамжруулан хариуцлага алдсан албан тушаалтнууд, үймээний хөлд үрэгдэн хохирсон иргэд, байгууллагын төлөөллийг тухайн үед идэвхтэй оролцож шийдвэр гаргаж, удирдаж байсан бүхий л этгээдүүдийг оролцуулан нээлттэй шүүх хуралдааныг хийх нь шударга ёсыг сахиулах, ардчилал, хууль ёсыг дээдлэх явдалд үнэтэй хувь нэмэр болох юм.
Төрийн нууцын тухай Монгол Улсын хуулийн 3 дугаар зүйлийн 1-т “Төрийн нууц гэж ....... задруулбал үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулхуйц мэдээллийг .... өөртөө агуулж байгаа мэдээ, бичиг баримтыг хэлнэ” гэжээ. Гэтэл долдугаар сарын нэгний тухай мэдээ мэдээллийг задруулбал үндэсний аюулгүй байдалд хор учирна гэхээс илүү харин ч задруулахгүй нууцлах тусам үндэсний аюулгүй байдалд хор учруулахаар байна.
Нөгөөтэйгүүр Төрийн нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан “Төрийн нууцыг тогтоохдоо хууль тогтоомжид нийцсэн, цаг үеэ олсон байх зарчим баримтална” гэсэн зарчимд нийцүүлэн шийдвэрлэх нь чухал байна.
Иймд Төрийн нууцын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1.1/б –д заасан “Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газрын саналыг үндэслэн төрийн нууцын зэрэглэлийг баталж, төрийн нууцын хугацааг тогтоох, сунгах болон төрийн нууцыг ил болгох асуудлыг шийдвэрлэх” УИХ-ын бүрэн эрхийн хүрээнд долдугаар сарын нэгэнтэй холбоотой мэдээ баримт, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн хийсэн хуралдаануудын тэмдэглэл, ҮАБЗ-өөс байгуулсан Онц байдлын шуурхай штабын шийдвэрүүд, ажлын төлөвлөгөө, хуралдааны тэмдэглэл зэрэг “нууц”-ын зэрэглэлтэй баримт бичгүүдийг ил болгох асуудлыг яаралтай шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Б.Чимэг