
Уг арга хэмжээний хүрээнд өнөөдөр манай улсад суугаа гадаадын ЭСЯ-ны ажилтнууд болон хүчний гэгддэг байгууллагуудын удирдлагуудын дунд уламжлалт нөхөрсөг уулзалт, цогцолбор тэмцээн зохион байгуулж байгаа аж.
Мөн маргааш буюу гуравдугаар сарын 12-нд “Цэргийн андууд минь одонгоо зүүцгээ” талархлын шоу тоглолт хийхээр болжээ. Уг тоглолтыг цэргийн ахмадууд олонтой Баянзүрх дүүргээс зохион байгуулж байгаа бөгөөд 2500 ахмад дайчин оролцох гэнэ.
Түүнчлэн гуравдугаар сарын 13-нд “Орчин үеийн дайны онцлог, сургамж, шинжилгээ” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал, хүчний байгууллагуудын үлээвэр хөгжмийн удирдаачдын анхдугаар уралдаан, гуравдугаар сарын 15-нд Батлан хамгаалах салбарын тэргүүний бүрэлдэхүүнд шагнал гардуулах ёслол, гуравдугаар сарын 16-нд Эзэн Чингис хаан, их жанжин Д.Сүхбаатар, Залуу жанжин Ж.Лхагвасүрэн, гарамгай баатар Л.Дандар нарын хөшөөнд БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх, баярын хурал, ЦДБЭЧ-ын хүндэтгэлийн тоглолт, Монгол цэргийн музейд гадаадын армиудын цэргийн дүрэмт хувцасны үзэсгэлэнг дэлгэх, гуравдугаар сарын 18-нд “Марш шоу-2012” тоглолт, үндэсний бөхийн барилдаан явуулах зэрэг арга хэмжээг төлөвлөсөн байна.
Б.Чимэг