-
2016 оны 10 сарын 07
Рио Тинто” групп “5.3 тэрбум долларын өртөг бүхий далд уурхайн бүтээн байгуулалтыг эн тэргүүнд тавин ажиллаж байгаа Монгол Улс “Оюутолгой” төслөөс 10 жилийн хугацаанд ногдол ашиг хүртэхгүй” гэж мэдэгдсэнийг ”Вloomberg” уламжиллаа. Тус компанийн гүйцэтгэх захирал Жан-Себастьян Жак хэлэхдээ “Оюутолгой” бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлмэгц дэлхийн хамгийн том таван зэсийн уурхайн нэг болно. Монголын уул уурхайн түүхэн дэх хамгийн том энэ орд тус улсын ДНБ-ий гуравны нэгийг дангаараа бүрдүүлэх боломжтой. “Оюутолгой” бол урт хугацааны төсөл гэдгийг бид мартаж болохгүй. Ордын дэд бүтцийг бий болгоход таван жил, бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэхэд 7-9 жилийн хугацаа хэрэгтэй” гэжээ.
Мөн тэрээр “Бидний ажил дуусах хүртэл буюу ирэх 10 жилийн хугацаанд хэнд ч ногдол ашиг төлөхгүй. Энэ оны эхний хагаст манай компани “Оюутолгой” ордоос 53 сая долларын цэвэр орлого олсон” гэж мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, далд уурхайн бүтээн байгуулалтын ажил урагштай, одоогийн байдлаар 1600 хүн уг төсөл дээр ажиллаж байгаа бөгөөд оны эцэст ажилчдын тоо 2400-д хүрэх гэнэ.
Б.Цэцэг
-
2016 оны 10 сарын 07
120 мянгатын автобусны зогсоолд өөрчлөлт орлоо. Нийслэлийн Тээврийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Замын цагдаагийн газар, Авто замын газрын хамтарсан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, үйл ажиллагааг удирдан зохион байгуулах” ажлын хэсгээс дараах шийдвэрийг гаргаад байна. ХУД-ийн 120 мянгатын автобусны буудлыг дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний Ч:7, Ч:10, Ч:18А, Ч:7, Ч.32, Ч:34, Ч:44, Ч:50, Ч:53, Ч:56, Ч:58, ХО:6, ХО:7 гэсэн чиглэлүүдийн замналын зураглалд өөрчлөлт орж хуучин зогсоолооос 300 метрийн зайд шинэ автобусны зогсоолыг тусгаж өөрчлөлт оруулаад байна.
Чингисийн өргөн чөлөөний авто замын ачааллыг бууруулах, нэвтрэх чадварыг сайжруулах ажлын хүрээнд 120 мянгатын автобусны буудал зогсоолыг дайран өнгөрч баруун гар тийш эргэх хөдөлгөөн хийдэг нийт 12 чиглэлийн 135 тээврийн хэрэгсэл шинэ 120 мянгатын автобусны зогсоолд зогсон иргэдэд үйлчлэхээр төлөвлөлт хийгдлээ. Учир нь Чингисийн өргөн чөлөөний авто замын ачаалал ихсэж, түгжрэл үүссэнээр улмаар Энхтайваны өргөн чөлөөний нэвтрэх чадвар, замын ачааллыг ихээр нэмэгдүүлж байгаа нь 7, 8, 9 дүгээр сард хийгдсэн судалгааны үр дүнгээс гарчээ.
Тиймээс дээрх 12 чиглэлээр үйлчлүүлдэг иргэд 120 мянгатын автобусны буудлаас 300 м яваад шинэ тэмдэг, тэмдэглэгээ бүхий 120 мянгатын шинэ автобусны зогсоолоор үйлчлүүлнэ.
Харин Зайсан чиглэлдээ буюу Ч:8, Ч:42, Ч:52, Ч:55 чиглэлүүд хуучин буудал зогсоолоор хэвээр үйлчлүүлэх юм. Энэхүү нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний автобусны зогсоолын байршлыг өөрчилж буй ажил нь Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу хийгдэж байна. Үйлчилгээг 10 дугаар сарын 10-ны өдөр буюу даваа гарагт эхлүүлнэ гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээлэв.
-
2016 оны 10 сарын 07
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Монгол банкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханд асуулга тавьжээ. Уг асуулга “2016 оны 8 сард 2,200 төгрөгөд дөхөөд байсан ам.долларын ханш 2,275 төгрөг болж өслөө. Энэ нь Монголбанкнаас бодлогын хүүг 4.5 пунктээр өсгөж 15 хувь болгосон шийдвэр нь оновчгүй, тогтворгүй байсныг нотлож байна. Бодлогын хүүг нэмэгдүүлсэн нь валютын ханшны өсөлтийг сааруулж чадаагүйгээр барахгүй зээлийн хүүг бүүруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эдийн засгийг тэлэхэд чиглэсэн төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд саад тотгор болж байна. Монголбанкнаас валютын ханшийг бууруулах, төгрөгийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн тогтвортой, үр дүнтэй арга хэмжээ нэн даруй авах шаардлагатай. Валютын орлого олдогоос бусад ААН, иргэдийг валютын хадгаламжтай байхыг хориглох, ББСБ, ХЗХ валютын зээл олгодгийг зогсоох гэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Төрийн алдаатай бодлогыг иргэд, ААН-үүдээрээ үүрүүлдэг явдлыг зогсоож, валютын зээлтэй иргэд, ААН-үүдийн зээлийг төгрөгт шилжүүлэх шаардлагатай байна” хэмээжээ.
-
2016 оны 10 сарын 07
Иргэд “түргэн тусламж”-ийнхан удаан ирдэгт гомдолтой байдаг. Түргэн тусламжийн үйлчилгээг удаашруулах гол шалтгаан нь иргэд өөрсдөө буюу хуурамч дуудлага өгөгсөд байдаг гэнэ. Он гарсанаар эхний найман сарын байдлаар Яаралтай түргэн тусламжийн төвд хандсан дуудлагын 17 хувь нь буюу 152 мянга гаруй нь хуурамч дуудлага байсан гэж Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс мэдээлэв. Өнгөрсөн жилүүдтэй харьцуулхад хуурамч дуудлага энэ жил огцом өссөн бөгөөд ихэвчлэн бага насны хүүхдүүд “саваагүйтэн” залгах тохиолдол их байна.
Хуурамч дуудлагын улмаас тусламжийн үйлчилгээ авч чадалгүй амь насаа алдаж байгаа тохиолдол их гарах болжээ. Ихэвчлэн өндөр настнууд хуурамч дуудлагын золиос болдог гэж нийслэлийн Түргэн тусламжийн төвийнхөн хэлж буй юм. Уг нь Хуурамч дуудлага өгсөн дугаарыг үүрэн телефоны компаниуд руу хандан хэрэглээнээс хасах, дугаарын эздийг Захиргааны тухай хуульд зааснаар 5-20 мянган төгрөгөөр торгох эсвэл 7-14 хоног баривчлах шийтгэлтэй байдаг. Гэвч их ажлын хажуугаар хэдэн мянган хүнтэй хариуцлага тооцох зав гардаггүй аж. Иргэдийн зүгээс хуурамч дуудлага ирэх нь өвчтөнүүдийн амь нас болоод эмч нарын хүч хөдөлмөр, эдийн засагт маш их хохиролтой. Иймээс иргэд үүнийг ухамсарлаж, хүүхдүүддээ тусгай дугаарыг таниулах арга хэмжээ авах шаардлагатай байна гэдгийг албаныхан онцоллоо.
Б.Цэцэг
-
2016 оны 10 сарын 07
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга С.Эрдэнэ өнгөрсөн лхагва гаригт сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ “Олонхийн бүлэг Орон нутгийн сонгууль өнгөртөл намын чуулганыг түр хугацаагаар завсарлах мэдээлэл байна. Улсын нэгдсэн төсвийг хэлэлцэж байгаа үед чуулганыг завсарлуулах нь зохисгүй” гэж байсан юм. Тэгвэл өнөөдөр УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцээд, завсарлуулахгүй байх шийдвэрт хүрчээ. Тэгвэл ирэх долоо хоногт УИХ байнгын хороод завсарлахгүй бөгөөд хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг гаргажээ. Гэхдээ баасан гаригт ямар ч ажлын хуваарьгүй байна.
Хэлэлцэх асуудлын хуваарийг дараах жагсаалтаас тодруулж харна уу.
10 ДУГААР САРЫН 10-14-НИЙ ӨДРҮҮДЭД НАМЫН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН ХОРОО БОЛОН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ
НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:
10 дугаар сарын 10-ны Даваа гарагт:
Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их эзэн Чингис хаан” танхимд.
ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:
10 дугаар сарын 10-ны Даваа гарагт:
Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Дипломат албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан танхим”-д;
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
Монгол Улсын 2017 оны төсвийн төслийн талаар Байнгын хорооны санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “В” танхимд.
10 дугаар сарын 12-ны Лхагва гарагт:
“Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилт, цаашдын зорилт” сэдэвт Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хэлэлцүүлэг 09.00-13.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
Туул голын бохирдол, Түгээмэл тархацтай ашигт малтмалын олборлолтын талаар ирүүлсэн өргөдлийн дагуу иргэд, холбогдох албан тушаалтнаас тайлбар авах Өргөдлийн байнгын хорооны уулзалт 10.00 цагаас Нээлттэй сонсголын танхимд.
ГУРАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:
10 дугаар сарын 11-ний Мягмар гарагт:
1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Ажлын хэсгүүд байгуулах тухай.
10 дугаар сарын 12-ны Лхагва гарагт:
1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:
10 дугаар сарын 13, 14-ний Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас:
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
-
2016 оны 10 сарын 07
Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 377 жилийн ойд зориулсан ”СПОРТЛОГ УЛААНБААТАР” бүх нийтийн өдөрлөг, гүйлтийн арга хэмжээ маргааш 08:30-16:00 цагийн хооронд зохион байгуулагдана.
-
2016 оны 10 сарын 07
УИХ-ын гишүүн С.Чинзориг, Б.Саранчимэг, Л.Элдэв-Очир, Ц.Цогзолмаа, Д.Тогтохсүрэн нар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хоёр хуулийн төслийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлын хүрээнд дөрвөн асуудлыг зохицуулахаар хуулийн төсөл боловсруулсан байна.
-
2016 оны 10 сарын 07
Иргэдийн саналыг хүлээн авдаг ”11 11” төвийг татан буулгах шийдвэр гаргажээ. Тус төвийг Шинэчлэлийн Засгийн газрын үед төрийн байгууллагуудад хандсан иргэдийн гомдол саналыг хүлээн авах зорилгоор “11 11” төвийг байгуулсан билээ.
Тэрээр уг төвийн албан ёсны хаягийг нь буулган үйл ажиллагааг нь зогсоосон байна. Харин Ж.Эрдэнэбатын Засгийн газрын зүгээс үүнийг илүү сайжруулсан хувилбаар, өөр нэртэйгээр нээнэ гэдгээ мэдэгджээ.
-
2016 оны 10 сарын 07
Сүхбаатар дүүргийн 14-р хороо “Сэлбэ” дэд төвийн нутаг дэвсгэрт “Ногоон төгөл” байгууллаа.
-
2016 оны 10 сарын 07
“Тусгай дуут болон гэрэл дохио” нэгдсэн арга хэмжээг 14 хоногийн хугацаанд зохион байгуулав.
-
2016 оны 10 сарын 07
Хайрын шүлгийн “Цагаан уул” наадам 18 дахь жилийн наадмын тэргүүн байранд МЗЭ-ийн гишүүн, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, яруу найрагч Н.Минжинсайхан тодорлоо.
-
2016 оны 10 сарын 07
Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод өнөөдөр /2016.10.07/ Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт өргөн мэдүүлэв.
Сүүлийн жилүүдэд олон нийтийн дунд төрийн албан хаагчдыг оффшор бүсэд компаний хувьцаа эзэмшсэн тохиолдолд авлига, албан тушаалын хэрэгтэй холбоотой гэх хардлага эрс нэмэгдэж, төрд итгэх иргэдийн итгэл буурчээ. Иймд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн зорилтыг хангах, төрд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх, нийтийн албаны үйл ажиллагааг хувийн ашиг сонирхлын зөрчлөөс хамгаалах зорилгоор Авлигатай тэмцэх газарт хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг төрийн албан хаагчдын хувьд оффшор бүс буюу гадаад улсад данс эзэмших, мөнгөн хөрөнгө байршуулах, хуулийн этгээд үүсгэн байгуулах асуудлыг хориглох талаар зохицуулалт хийх зайлшгүй шаардлага тулгарч байгаа аж.
Иймд Авлигын эсрэг хуульд заасны дагуу хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэх үедээ, эсхүл нийтийн албан тушаалд томилогдохоор нэр дэвших үед гадаад улсын нутаг дэвсгэрт өөрийн нэр дээр банкинд данс эзэмших, мөнгөн хөрөнгө байршуулах, хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглох асуудлыг тодорхой зохицуулсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Хуулийн төсөлд дагуу хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан Монгол Улсын хууль тогтоомжийг дагаж мөрдөх, ёс зүйн хэм хэмжээг баримтлах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор эдгээр албан тушаалтныг гадаад улсын нутаг дэвсгэрт өөрийн нэр дээр банкинд данс эзэмших, мөнгөн хөрөнгө байршуулах, хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглох тухай зохицуулалтыг шинээр тусгажээ. Түүнчлэн уг хориглосон зохицуулалттай холбогдуулан нийтийн албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн этгээд болон албан тушаалтан урьдчилан мэдүүлэх үүрэгтэй байх, хууль зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлага зэргийг тодорхой тусгасан байна.
Нийтийн албан тушаалтаны гадаад улсад суралцах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах эрхийг хөндөхгүй байх, бусад хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлэх хугацаанд тухайн нутаг дэвсгэрт оршин суух, зорчих зэрэг хэрэгцээ шаардлагыг харгалзан тухайн улсын банкинд өөрийн нэр дээр данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах асуудлыг хориглохгүй байхаар зохицуулсан аж. Хуулийн төсөлтэй холбогдуулан Төрийн албан тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2016 оны 10 сарын 07
Гадаадын 4-5 банк Монгол Улсад төлөөлөгчийн газраа ажиллуулж байгаа аж. Өмнөх Засгийн газрын үед БНХАУ-ын ”Bank of China” Монголд үйл ажиллагаа явуулна гэсэн мэдээлэл гараад байсан. Харин өнөөдрийн байдлаар БНХАУ-ын ”Bank of China” дээр нэмэгдээд ХБНГУ-ын ”Deutsche bank”, АНУ-ын ”Goldman Sachs” банк Монголд үйл ажиллагаа явуулах хүсэлт илгээжээ. Уг хүсэлтийг Сангийн яам судлаж үзээд Монголбанктай зөвшилцөхөөр болжээ. Энэ талаар Сангийн дэд сайд Х.Булгантуяа ”Гаднын банкууд хувийн хадгаламж, бага хэмжээний зээл олгох бизнес рүү орохоос илүүтэйгээр хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулах сонирхолтой байгаа. Энэ саналуудыг Сангийн яам судлаж үзээд Монголын санхүүгийн салбарыг бодлогын төвшинд хамгаалахын тулд Банкны тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хүрээнд ямар өөрчлөлт хийх шаардлагатай байгаа талаар санал авахаар Монгол банкинд албан тоот хүргүүлсэн” гэжээ.
Банкны тухай хуулиар гадны банк манай улсад үйл ажиллагаа явуулахын тулд дор хаяж нэг жилийн дотор төлөөлөгчийн газраа ажиллуулах ёстой байдаг. Тэгвэл өнөөдрийн байдлаар манай улсад гадаадын 4-5 банк төлөөлөгчийн газраа нээжээ. Гадаадын банк Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлснээр шударга өрсөлдөөн бий болж арилжааны банкуудын зээлийн хүү буурч, цэвэр өрсөлдөөн бий болно гэж зарим эдийн засагчид үзэж байна.
-
2016 оны 10 сарын 07
Өнөөдөр Татварын Ерөнхий газарт гал гарсан талаархи дуудлага нийслэлийн Онцгой байдлын газар ирсэн байна. Дуудлагын дагуу НОБГ-ын харъяа гал унтраах 10 дугаар ангийн аврагчид ажиллаж, галыг унтраажээ. Гал юунаас үүдэж гарсан талаар тодорхой мэдээлэл байхгүй ч цахилгааны гэмтлээс болсон байх магадлалтай аж.
Б.Цэцэг
-
2016 оны 10 сарын 07
УИХ-ын 2016 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2016.10.07/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэлээ. Засгийн газраас 2016 оны есдүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа нар танилцууллаа.
Өнгөрсөн жилүүдэд манай улсын эдийн засгийн өсөлт удааширч, ажилгүйдлийн түвшин нэмэгдэх хандлагатай байна. Иймээс бизнесийг дэмжих, ажлын байр шинээр бий болгох, хөрөнгө оруулалтыг татах эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх шаардлагатай байгаа аж. Монгол Улсын нийт аж ахуйн нэгжүүдийн дийлэнх хувь нь жижиг, дунд бизнес эрхлэгчид юм. Иймээс жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, тэдний татварын ачааллыг багасгаж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх, бизнесийн үйл ажиллагаагаа тэлэх боломжийг олгосноор эдийн засгийн өсөлтийг хурдасгах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд ач холбогдолтой гэж үзэж, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Уг хуулийн төсөлд жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй, хүнсний үйлдвэрлэл, хувцас, нэхмэлийн үйлдвэрлэл, барилгын материалын болон газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа албан татвар төлөгчийн үндсэн үйл ажиллагааны орлогод 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд 1 хувиар орлогын албан татвар ногдуулахаар буюу ногдуулсан татварыг 90 хувиар хөнгөлөхөөр тусгасан байна.
Жижиг дунд буюу жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй аж ахуйн нэгжид 1 хувиар албан татвар ногдуулах зохицуулалтыг хийснээр аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа задлах, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийх замаар энэхүү хөнгөлөлтөд өргөнөөр хамрагдах хэдий ч улмаар төсвийн орлогын эх үүсвэрт сөрөг нөлөө үзүүлэх эрсдэл байгаа гэж Засгийн газар үзэж байгаа аж. Иймээс албан татвар төлөгчийн тайлант жилийн албан татвар ногдох орлогыг тодорхойлохдоо тухайн албан татвар төлөгч болон түүнтэй харилцан хамаарал бүхий этгээдийн албан татвар ногдох орлогын нийлбэр дүнгээр тодорхойлохоор хуулийн төсөлд тусгажээ.
Хуулийн төсөл батлагдсанаар жижиг, дунд бизнес эрхлэгч аж ахуйн нэгжийн татварын дарамт буурч, ажлын байр, хөдөлмөр эрхлэлт нэмэгдэх таатай нөхцөл бүрдэх болно. Үүгээр зогсохгүй шинээр бизнес эрхлэх явдлыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалт нэмж татах нөхцөл бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байна.
УИХ-ын гишүүд хууль санаачлагчийн илтгэл болон Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулж асуулт, асууж байр сууриа илэрхийлсэн юм. УИХ-ын гишүүдийн олонхи нь уг хуулийн төсөлд жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй, дөрвөн салбарыг хамруулсныг өрөөсгөл гэж үзэж, өргөжүүлэх саналтай байв. Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Батнасан мод үржүүлэг, загасны аж ахуйн эрхэлдэг жижиг, дунд бизнес эрхлэгчдийг, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Ж.Ганбаатар, Ц.Гарамжав, М.Билэгт нар худалдаа, үйлчилгээний салбарыг, УИХ-ын Н.Учрал, Ө.Энхтүвшин нар мэдээлэл, технологийн салбарыг уг хуулийн төсөлд нэмж оруулахыг хүссэн юм.
УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, Хууль зүйн сайд С.Бямбацогт нар эдийн засгийн хямралын үед жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжихдээ шат дараатай хандаж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих үүднээс эхний ээлжинд дотооддоо баялаг бүтээж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортлодог салбарыг сонгосон гэж байлаа. Гэхдээ уг хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжвэл анхны хэлэлцүүлгийн үеэр зарчмын зөрүүтэй саналаар салбарын хамрах хүрээг тэлэх боломж нээлттэйг тодотгохдоо, тэр хэрээр төсвийн орлого буурна гэдгийг давхар тооцох ёстойг сануулав.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураахад УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 69.8 хувь нь дэмжсэн учир хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Дараа нь Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 09 дүгээр дүгнэлтийг УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэн шийдвэрлэлээ. Энэ асуудлыг хэлэлцсэн талаархи Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат танилцуулав. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Иймд цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар баталлаа хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 10 сарын 07
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хурлын 2016 оны наймдугаар сарын 31-ний өдрийн 13 дугаар тогтоолоор “Хэв журмын урамшилт эргүүл” ажиллах журмыг баталсан. Нийслэлийн нутаг дэвсгэр, гудамж талбай, олон нийтийн газарт гэмт хэрэг, нийгмийн хэв журмын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тухайн орчинд оршин суух идэвхтэй 2500 иргэнийг сонгон сар бүр тодорхой мөнгөн урамшил олгож, хөдөлмөр аюулгүй байдлын таних тэмдэгээр ханган ажиллуулахаар болсон юм. Тэгвэл өнөөдөр тухайн оршин суугаа орчиндоо идэвхтэй ажиллах 2500 иргэнийг сонгон авч энэ сарын 10-ны өдрөөс эхлэн ажиллуулахаар боллоо. Улаанбаатар хотын Цагдаагийн газраас өөрсдийн болон бусын аюулгүй байдлыг ханган, хэрхэн уялдаа холбоотой ажиллах, хууль эрхзүйн үндэслэлийг танилцуулж, тэдний ажил үүргийн талаар сургалт, уулзалт зохион байгууллаа.
Нийслэлийн иргэдийн идэвх, санаачлагад суурилсан хяналт бий болж, аюулгүй орчныг бүрдүүлэх, гэмт хэрэг, нийгмийн хэв журмын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлж, гэмт хэрэг ихээр гардаг цэг, цагуудад тухайн орчинг иргэдийн хяналтад авах юм. Ингэснээр Цагдаагийн байгууллага, иргэд хоорондын уялдаа холбоо сайжирч, гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнө урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, үйлдэгдсэн гэмт хэргийг богино хугацаанд илрүүлж, гэмт санаа бодол тээгчийн сэтгэл санаанд нөлөөлж,өөрчлөлт оруулах зэргээр эерэг үр дүн гарна гэж үзэж байгаагаа Улаанбаатар хотын Цагдаагийн газраас тайлбарлалаа гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 10 сарын 07
”Монголын морин спорт, залуу уяачдын холбоо”-ны үүсгэн байгуулагчдын анхдугаар чуулган 10-дугаар сарын 7,8-ны өдрүүдэд буюу өнөөдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. Тус холбоо нь Монголчуудын морины соёлыг дэлгэрүүлэх, олон зуун жилийн уламжлалт түүхтэй хурдан морины уралдааныг хөгжүүлэх, Монгол орны өнцөг булан бүрт ажиллаж амьдарч буй залуу уяачдаа дэмжих зорилготойгоор ийнхүү үүсгэн байгуулагдаж байгаа аж.
Анхдугаар чуулганы зохион байгуулагчаар ”Монголын морин спорт, залуу уяачдын холбоо”-ны үүсгэн байгуулагчид ажиллаж байна. Энэ дашрамд дуулгахад анхдугаар чуулганаа зохион байгуулах гэж буй ”Монголын морин спорт, залуу уяачдын холбоо” нь дараах зорилго, зорилтын хүрээнд үйл ажиллагаагаа явуулахаар төлөвлөжээ.
“Монголын морин спорт, уяачдын холбоо”-ны үйл ажиллагаа, бодлого төлөвлөгөөнд хамрагдаагүй байгаа залуу уяачдыг нэгдсэн бодлого төлөвлөгөө, үйл ажиллагаанд хамруулах.
Монголын хурдан морины нэгдсэн бүртгэл, мэдээллийн санг бүрдүүлэх. Тухайн бүртгэл мэдээллийг хурдан морины угшил гарал, уралдаан тэмцээн гэсэн ангиллаар нарийн явуулж цахим сайтад байршуулж эх орондоо төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт суугаа Монголчуудад алдаршуулан танилцуулж байх.
Монголын морин спорт, тэр дундаа холын зайд уралддаг уламжлалт хурдан морины уралдааныг Монгол туургатан даяар дэлгэрүүлэн хөгжүүлэх, цаашлаад олимп, дэлхий, олон улсын тэмцээн уралдаан болгож хөгжүүлэх.
Морин спорт, уяачдын хөгжлийн төлөө үйл ажиллагаагаа явуулдаг мэргэжлийн холбоодтой нягт хамтран ажиллаж, хурдан морины уралдааны хөгжлийн бодлого, хэрэгжилтэнд хамтран ажиллах.
Холбооны нэрэмжит улс бүсийн хэмжээний хурдан морины уралдаан, уяач унаачдыг хөгжүүлэх сургалт семинар, уулзалт зөвлөгөөн, урлаг спортын тэмцээн наадам зэрэг үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах.
Ийнхүү анхдугаар чуулганы бүртгэлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 99841725, 99004147 дугааруудаас лавлах боломжтой.
-
2016 оны 10 сарын 07
Гадны анчид Монголд 4.5 сая төгрөгийн хохирол учруулжээ
-
2016 оны 10 сарын 07
Олон улсын жүдо бөхийн холбооноос гаргадаг жүдочдын чансааг манай хоёр тамирчин тэргүүлж байсан. Зуны олимп дууссаны дараа дахин шинэчилсэн чансаа гаргажээ. Шинэчилсэн чансаа гарсны дараа манай хоёр бөх дэлхийн шилдгүүдийг тэргүүлсэн хэвээр үлдлээ.
Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд гавьяат тамирчин Дэлхийн аварга М.Уранцэцэг дэлхийн чансааг тэргүүлсээр байна. Харин 57 кг-д Гавьяат тамирчин Д.Сумъяа олимпийн наадмаас мөнгөн медаль авсан учир оноогоо улам ахиулж, дэлхийн чансааны тэргүүнд эрэмблэгджээ. Эрэгтэйчүүдээс 66 кг-д Д.Төмөрхүлэг хоёр, Д.Алтансүх дөрөвдүгээр байрт бичигдэж байна.
Эмэгтэйчүүд
48 кг
1. М.Уранцэцэг 2705 /Монгол/
2. Паула Парета 2540 /Аргентин/
3. Г.Отгонцэцэг 2202 /Казахстан/
57 кг
1. Д.Сумъяа 3550 /Монгол/
2. Ким Жан Ди 2349 /Өмнөд Солонгос/
3. Рафаэль Сильва 2253 /Бразил/
-
2016 оны 10 сарын 07
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд өнөөдөр /2016.10.07/ Япон Улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-тай хамтран хэрэгжүүлж байгаа Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн нэгдсэн судалгааны багийн ахлагч, бүсчилсэн хөгжлийн нэгдсэн төлөвлөлт хариуцсан зөвлөх Нагаяма Кацүхидэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, санал солилцов.
Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлогын урт хугацааны төлөвлөлтийг хийх аргачлалыг боловсруулж, хэрэгжүүлэх, хэрэгжилтэд нь хяналт, үнэлгээ хийж, үр дүнг тооцох тогтолцоог чадавхижуулж, бэхжүүлэх чиглэлээр Япон Улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-тай хамтран хэрэгжүүлж байгаа Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн нэгдсэн судалгааг хийгээд дуусах шатандаа ороод байгаа, гэхдээ шинэ Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа төрийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалттай уялдуулан судалгааны тайланд зарим нэмэлт оруулах шаардлагатай байгааг судалгааны багийн ахлагч уулзалтын эхэнд Байнгын хорооны даргад танилцуулав.
Тэрбээр “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” бодлогын баримт бичиг нь улс төрийн намуудын дэмжлэг, ажлын хэсэг, судлаачдын уйгагүй зүтгэлийн үр дүнгээр боловсруулагдаж батлагдсан чухал баримт бичиг болсныг онцлоод цаашид бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд ажлын хэсэг, судлаачдын оролцоог хангахад анхаарах нь чухал байгааг хэллээ. Энэ чиглэлээр Япон Улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллага хамтран ажиллахад бэлэн байгааг онцлов.
Байнгын хорооны дарга Н.Энхболд өнгөрсөн УИХ-аас Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” бодлогын баримт бичиг гэсэн хоёр чухал баримт бичгийг батлан гаргасныг дурдаад эдгээр хууль, үзэл баримтлалын хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг УИХ-ын тогтоолоор Төрийн байгуулалтын байнгын хороонд даалгасан. Тиймээс тус байнгын хороо хөгжлийн бодлого төлөвлөлтийн тогтвортой байдал, төрийн бодлогын залгамж чанарыг хадгалахад анхаарч, хэрэгжилтийг нь хангахад хамтарч ажиллахаа илэрхийлэв.
Мөн урт хугацааны бодлогын баримт бичгийг бодитой хэрэгжүүлэх эрх зүйн орчныг зөв бүрдүүлэх үүднээс одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бусад хууль тогтоомжуудад өөрчлөлт оруулах шаардлага гарахыг үгүйсгэхгүй. Иймээс судалгааг цаашид үргэлжлүүлэхдээ энэ чиглэлд анхаарч тодорхой санал боловсруулж өгвөл чухал байгааг хэлээд тус Байнгын хорооны зүгээс бүх талаар хамтарч ажиллахад нээлттэй гэдгийг илэрхийллээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.