-
2017 оны 1 сарын 25
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр төр захиргааны Хангарди ордонд дүүргийн Засаг дарга болон төсвийн шууд захирагч нартай гэрээ байгуулж гарын үсэг зурлаа. Нийслэлийн Засаг даргын орлогчид болон нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчтай “Удирдлагын гэрээ”, дүүргийн Засаг дарга нартай “Засгийн газрын чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх гэрээ”, төсвийн шууд захирагч болон харьяа байгууллагын удирдлагуудтай “Үр дүнгийн гэрээ” байгуулсан юм. Гэрээг хагас жил болон бүтэн жилээр нь дүгнэх аж. Биелэлтийг хангаж ажиллаагүй дүүрэг, байгууллагын удирдлагуудад хариуцлага тооцох заалт уг гэрээнд туссан байна.
Гэрээ байгуулах ажиллагааны эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд дүүрэг, байгууллагын удирдлагуудад хандаж хэлсэн үгэндээ “2017 оныг иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил болгосонтой холбогдуулан бүх түвшинд сахилга хариуцлагыг чанд мөрдөх, төрийн чиг үүргийг иргэдэд нээлттэй, шуурхай хүргэхэд анхааран ажиллах нь зүйтэй. Гэрээний заалт нэг бүрийн хэрэгжилтийг та бүхэн цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, биелэлтийг тухай бүр нийслэлийн Тамгын газарт танилцуулах хэрэгтэй. 2017 онд дэвшүүлсэн зорилт, төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг оны эхний хагаст 80 хувийг нь хэрэгжүүлсэн байхаар гэрээний хавсралт болох байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгасан байгаа. Төлөвлөгөөний хэрэгжилтийг хугацаанд нь биелүүлэх талаар онцгой анхаарах шаардлагатай” хэмээлээ.
2017 онд нийслэлийн төсөвт 536.0 тэрбум төгрөгийн төсвийн орлого төвлөрч, 295.8 тэрбум төгрөгийн урсгал зардлыг санхүүжүүлж, хотын шуудын төсвөөс 174.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг хэрэгжүүлэн, 89.4 тэрбум төгрөгийг Монгол Улсын төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна.
Нийгмийн халамжийн сангийн зардалд 101.0 тэрбум төгрөг, нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд 75.2 тэрбум төгрөг, нийслэлийн концессийн гэрээгээр 35.1 тэрбум төгрөгийн эргэн төлөлтөөс 7.0 тэрбум төгрөг төлөхөөр төлөвлөснөөр энэ онд шинээр хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажилд төсөв санхүүгийн хувьд хөрөнгө дутмаг хэдий ч хэд хэдэн томоохон ажил хийхээр төлөвлөөд байгаа аж.
Тухайлбал, энэ онд 2300 ор бүхий цэцэрлэгийн 10 барилга, Багахангай дүүргийн 40 ор бүхий эмнэлгийн барилга, Хан-Уул, Чингэлтэй, Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэгт мэс заслын тасаг шинээр байгуулах юм байна. Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр Улаанбаатар хотын Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлж, Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдэд инженерийн шугам сүлжээ, бизнес инкубатор төв, цэцэрлэгийн барилгыг барих ажлыг зохион байгуулах аж. Төрийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийн барилга, Сүхбаатар дүүрэгт аврах гал унтраах ангийн барилга барьж, нийслэлийн нэгдсэн сүлжээний дэд бүтцийг өргөтгөн, мэдээлийн аюулгүй байдлыг хангасан дэд бүтцийг бий болгох аж. Хот тохижилтын тусгай зориулалтын автомашины парк шинэчлэлтэд 1.5 тэрбум төгрөг, нийтийн эзэмшлийн гудамж талбайн гэрэлтүүлгийг нэмэгдүүлэхэд 2.0 тэрбум төгрөг, Эрчим хүчний яамтай хамтарч Улаанбаатар хотын гэр хорооллын гэрэл цахилгаангүй 7000 гаруй айл өрхийг эрчим хүчээр хангах, цахилгааны хүчдэлийн уналтыг сайжруулахад 7.5 тэрбум төгрөгийг зарцуулахаар төлөвлөснөө хотын дарга хэлсэн.
Нийслэлийн Засаг дарга хэлсэн үгийнхээ төгсгөлд “Төсвийн шууд захирагч бүр гэрээнд тусгагдсан төсөв, хөрөнгийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд захиран зарцуулж, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг анхааруулж байна. Та бүхэн 2017 онд байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу хариуцсан салбарын ажлыг цаг хугацаанд нь хариуцлагатай, чанарын өндөр түвшинд, үр дүнтэй зохион байгуулахыг хүсье” гэж хэллээ.
Нийслэлийн Засаг даргын орлогч П.Энхтөр “Үр дүнгийн гэрээнд бүтэн жилийн хугацаанд хийх үйл ажиллагааны хавсралтыг давхар баталж байна. Жилийн хүрээнд хийсэн ажлуудаа хагас, бүтэн жилээр дүгнэн ажиллах юм. Бид харьяа байгууллагуудын үйл ажиллагааны төлөвлөгөөг нарийвчлан боловсруулж зохих байгууллагуудаар нь хянуулж үр дүнгийн гэрээг байгуулж байна” гэлээ.
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат “Гэрээнийхээ дагуу тодорхой чиг үүргүүдийг дүүрэгтээ хэрэгжүүлнэ. Энэ гэрээг цааш нь салбарлаад төсвийн захирагчтайгаа байгуулаад хөрсөн дээр нь буулгаж ажиллана. Манай дүүргийн хувьд төрийн болон төрийн бус 80 гаруй сургууль, цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг ч хүрэлцээ хангалтгүй байдаг. Энэ жил нийслэлийн төсөвт цэцэрлэг шинээр барихаар тусгагдсан байгаа” хэмээлээ.
Нийслэлийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв НӨҮГ-ын дарга Баярсайхан “Нийслэлийн Засаг даргын “Аз жаргалтай хот” мөрийн хөтөлбөрийн хүрээнд жижиг бизнес эрхлэгчдийг түлхүү дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжин ажиллах зэрэг найман том зорилтыг тавин ажиллаж байна. Үүнээс хамгийн том ажил маань “Улаанбаатарт үйлдвэрлэв” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн” гэж ярилаа хэмээн НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2017 оны 1 сарын 25
Ардчилсан намын дарга З.Энхболд12 дугаар сарын 06-ны өдөр АН-ын ХЭГ-т бүртгүүлсэн гишүүдийн бүртгэлийг бүхэлд нь хүчингүйд тооцох тушаал гаргажээ.
-
2017 оны 1 сарын 25
Архангай аймгийн Тариат сумаас Цахир сумын хооронд замын зорчих хэсэг нарийсч, нэг урсгалтай болжээ.
-
2017 оны 1 сарын 25
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд өнөөдөр /2017.01.25/ Монгол дахь Америкийн Худалдааны танхимын гишүүдтэй уулзалт хийв.
Төрөөс бизнесийн орчныг сайжруулах, хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээллийг сонсож, санал солилцох зорилгоор энэхүү уулзалтыг зохион байгуулж байгаа аж. Уг уулзалтад Монгол дахь Америкийн Худалдааны танхим (АмЧам)-ын гишүүн байгууллагууд, гадаадын Элчин сайд нар, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид болон бизнесийн байгууллагын төлөөлөл оролцлоо.
АмЧам Монголын Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Жэй Лиотта уулзалтыг нээж, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Женифер Зимдал Галт мэндчилгээ дэвшүүлж, үг хэлэв.
Улсын Их Хурлын дарга М.Энхболд хэлсэн үгэндээ “Монгол дахь Америкийн Худалдааны танхимын 2017 оны анхны уулзалтын зочноор урин оролцуулж, улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, УИХ-аас нийгэм, эдийн засгийн орчныг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэрүүдийн талаар мэдээлэл өгөх боломж олгосонд талархал илэрхийлье. Шинэ УИХ байгуулагдсанаас хойших зургаан сарын хугацаанд 64 хуулийн төсөл өргөн баригдаж, 89 хуулийг батлаад байна. Одоогоор хэлэлцэгдэж байгаа эдийн засгийн чиглэлийн гол хуулиуд бол Хөгжлийн банкны тухай, Үндэсний төлбөрийн системийн тухай, Хөрөнгө оруулалтын банкны тухай зэрэг хуулийн төслүүд байна. УИХ-аар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэл, Эдийн засгийг сэргээх хөтөлбөр зэргийг баталлаа.
Мөн засаглал, институцийн хөгжил, төрийн албаны чадавхийг сайжруулахад онцгой анхаарч байна. Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй ажлуудын биелэлттэй эхнээс нь танилцаж, шаардлагатай шийдвэрүүдийг цаг тухай бүрт гаргаж байна. Гадаад валютын урсгалыг нэмэгдүүлэх чиглэлээр нүүрсний экспортын үнийг нэг цонхны бодлогод шилжүүлж, худалдан авагчдыг чөлөөт өрсөлдөөнд шилжүүлснээр экспортын үнэ сүүлийн хагас жилийн дотор 2 дахин өслөө. Монголбанкнаас бодлогын хүүгээ 1 хувиар бууруулан 14 хувьд хүргэсэн. Цаашид үе шаттайгаар бууруулж, эдийн засгийн идэвхижлийг дэмжих бодлого баримталж байна. Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд учирч байгаа татварын дарамтыг хөнгөлөх зорилгоор жилдээ 1.5 тэрбум төгрөгөөс бага орлоготой үндсэн 4 салбарын бизнес эрхлэгчдийн орлогын албан татварыг хөнгөлж, 1.0 хувийн татвар ногдуулах хуулийн төслийг өргөн бариад байна.
Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд Засгийн газрын тогтвортой, бие даасан байдлыг хангах чиглэлээр цогц арга хэмжээ авч ажиллаж байна. УИХ-ын даргын хувьд бодлого тодорхой, зохицуулалт оновчтой, үйл ажиллагаа тасралтгүй, ил тод байх, аливаа ажлын гүйцэтгэлийг үр дүнгээр үнэлдэг, хариуцлага тооцдог байх зэрэг зарчмуудыг хатуу баримтлахыг Засгийн газарт зөвлөж байгаа. Засгийн газар хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгуулсан.
Монгол Улсын урт хугацааны төлөв өөдрөг, эерэг байгаа боловч өнгөрсөн хугацааны бодлогын алдаанаас үүдэлтэйгээр богино хугацааны хүндрэл үүсээд байна. Гэхдээ өнгөрсөн алдаа оноог дэнслэхээс илүүтэйгээр гарах арга замыг эрэлхийлж ажиллаж байна. Эдийн засгийн өнөөгийн нөхцөлийг харгалзан үзвэл ОУВС-ийн хөтөлбөрийг авч, эдийн засгаа зөв гольдролд оруулах, богино хугацаанд тогтворжуулан, хүртээмжтэй өсөлтийг хангах боломжтой гэж үзэж байна” гэв.
Улсын Их Хурлын дарга М.Энхболд Эрдэнэт үйлдвэрийн хувьчлал, гадаадын банкийг оруулж ирэх асуудал, төрийн албан хаагчдыг чадавхжуулах, уул уурхайн төсөл хөтөлбөрүүдийн талаарх оролцогчдын асуултад хариулж, байр сууриа илэрхийллээ.
АмЧам Монгол нь Монгол-Америк хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон АНУ-ын хөрөнгө оруулалтыг Монгол Улсад татах чиглэлээр үй ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага юм. Тус байгууллага нь гурван сая гаруй гишүүнтэй, дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны танхимын албан ёсны салбар юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2017 оны 1 сарын 25
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар “Хэнтий Хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч үндэстний өв соёлыг хадгалж хамгаалах, сурталчилан таниулах үүднээс 2010 онд Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн газар нутгийн байгалийн болон соёлын хосгүй гайхамшигт үнэ цэнийг тодорхойлж Дэлхийн өвд бүртгүүлэх тухай зарлиг гаргасан.
-
2017 оны 1 сарын 25
Хүн амьдралынхаа 90 орчим хувийг дотоод орчин буюу ажлын байр, гэрийн нөхцөлд өнгөрүүлж дотоод орчны агаараар амьсгалдаг.
Иймд цэвэр агаараар амьсгалах нь хүний эрүүл байх үндэс юм.
Дэлхийн хэмжээнд 3 тэрбум гаруй хүн хатуу түлшийг халаалт болон хоол унд хийх зориулалтаар ашиглаж байгаа нь амьсгалын болон архаг өвчлөл, гуурсан хоолойн багтраа зүрх судасны өвчлөл мөн бага жинтэй төрөлт болон дутуу төрөлтөд сөргөөр нөлөөлдөг байна.
Дотоод орчны агаарын бохирдолд бүх хүн өртөх ба эрүүл мэндийн байдал, нас, ажил мэргэжлийн онцлог хүчин зүйлээс хамааран өртөх хугацаа гадаад орчноос ялгаатай байна.
Манай улсад ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр 2008 онд хийсэн дотоод орчны агаарын чанарыг үнэлэх судалгаагаар дотоод орчны агаарын чанарт түлш болон сууцны төрөл нөлөөлж байгаа нь тогтоогджээ.
Том болон нарийн ширхэглэгт тоосонцрын дундаж агууламж түлш болон орон сууцны төрлөөс үл хамааран хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үзүүлэх хэмжээнд байсан бол түүхий нүүрс түлсэн гэр, галладаг байшин амьдардаг өрхийн дотоод орчны хүхэрлэг хий, азотын давхар ислийн дундаж агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр байсан байна. Тус судалгааны үр дүнгээр дотоод орчны агаарын чанарыг сайжруулах зайлшгүй шаардлагатайг зөвлөжээ.
Дотоод орчны агаарын бохирдлын эх үүсвэр
Дотоод орчны агаарыг бохирдуулж байгаа эх үүсвэрт гадаад орчны агаарын бохирдол, гэрт гал түлэх, эрүүл ахуй, ариун цэврийн хангалтгүй байдал, тамхины утаа, барилгын материал болон тавилга, тамхины утаа, агааржуулалт зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг.Эдгээр дотоод орчны агаарыг бохирдуулагч эх үүсвэрүүдээс бий болсон нүүрстөрөгчийн дутуу исэл, азотын давхар исэл, тоосонцор, дэгдэмхий органик нэгдлүүд зэрэг бохирдуулагч бодисууд нь арьс, амьсгалын замаар хүний биенд нэвтэрч уушигны хатгалгаа, бага жинтэй төрөлт, уушгины хавдар үүсэхэд нөлөөлөх хүчин зүйл болдог.
Амьсгалаар ордог тоосонцор:Тоосонцрын диаметр 10 микроноос бага хэмжээтэйг амьсгалааар ордог тоосонцор гэдэг бөгөөд эдгээр нь харилцан адилгүй эрүүл мэндийн сөрөг нөлөөлөл үзүүлдэг.
PM2,5болон PM10нь амьсгалаар ордог тоосонцрууд бөгөөд тэдгээрийн диаметр нь хэт бага учраас амьсгалын дээд замаар нэвтрэн орч, уушигны цулцанд хүрч удаан хугацаагаар байдаг. Түүнчлэн нарийн ширхэглэгт тоосонцрууд нь олон төрлийн химийн элемент агуулдаг учраас төрөл бүрийн хавдар үүсгэх магадлалтай.
Нүүрстөрөгчийн дутуу исэл: Түлшин дэх нүүрстөрөгч бүрэн шатаагүй үед үүсдэг. Нүүрстөрөгчийн дутуу исэл уушгиар дамжиж, цусны урсгалд орж, эсэд хүчилтөрөгчийг зөөвөрлөдөг гемоглобинтой нэгдэн “Карбоксигемоглобин” гэдэг нэгдэл үүсгэдэг. Иймээс хүний бие махбоди, эдэд очих хүчилтөрөгчийн хэмжээг багасгадаг.
Зүрх судас, амьсгалын замын архаг хууч өвчтэй хүмүүс, нярай хүүхдүүд нүүрстөрөгчийн дутуу исэлд илүү өртөмтгий байдаг. 2014 онд хийсэн судалгааны үр дүнгээр нүүрсний дутуу шаталтаас үүсч байгаа бохирдуулагчид нь дутуу төрөлттэй хамааралтай байгааг тогтоожээ.
Тамхины утаа: Тамхины утаа нь дотоод агаарын бохирдлын нэг гол хүчин зүйл юм. Агааржуулалт, агаарыг шүүх зэрэг нь дангаараа буюу хосолсон ч дотоод орчин дах тамхины утаанд өртөх өртөлтийг зөвшөөрөгдөх хэмжээнд хүртэл бууруулах боломжгүй.
Нийслэлийн дотоод орчны агаарын бохирдлын агууламжийн хэмжээ нь халаалтын төхөөрөмж, тамхидалт зэргээс голчлон хамаардаг байна. Сүүлийн үед хийгдсэн судалгаагаар 2 өрх тутмын 1-д тамхи татдаг хүн амьдардаг гэсэн дүгнэлт гарсан байна.
Дотоод орчны агаарын бохирдлын хэмжээ нь өвлийн улиралд тамхи татдаггүй орчинд бага байна. Иймээс гэртээ галладаг, тамхи татдаг тохиолдолд эрүүл мэндэд учрах сөрөг төдий их байна гэсэн үг юм. Тамхины утаа нь бүх насны хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх ба тухайлбал эцэг эх нь тамхи татдаг хүүхэд хатгалгаа, гуурсан хоолойн багтраа, ханиалга, амьсгаадах, амьсгал давчдах буюу багтраа, дунд чихний үрэвсэл болон насанд хүрсэн хойноо зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэл илүү байдаг.
Барилгын материал болон бусад эд зүйлсээс ялгарах химийн бодисууд: Тохилог сууц ялангуяа орон сууцны агаарын бохирдлын гол эх үүсвэрт орчин үеийн барилгын материал, дотоод засал чимэглэл, тавилга болон ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүд ордог.
Олон төрлийн барилгын материал, дотоод засал чимэглэлд ашиглаж буй материал болон бусад эд зүйлсээс барилгын дотоод орчинд ялгарч агаарыг бохирдуулдаг олон хортой дэгдэмхий органик нэгдлүүд байдаг.
Ацетон, метил,бензол, толуол, үнэрт нүүрстөрөчид, альдегид, кетон зэрэг нэгдлүүд үүсдэг ба эдгээр нь хурц нөлөөлөл буюу нүд загатнах, амьсгалын замын эмгэг, толгой өвдөх, ханиалгах зэрэг шинж тэмдгүүд үүсгэдэг бол архаг нөлөөлөл буюу элэг, бөөр, цусны эргэлтийн болон төв мэдрэлийн тогтолцоог гэмтээх сөрөг нөлөөлөл үзүүлдэг байна.
Хүснэгт 1. Барилгын материал болон бусад эд зүйлсээс ялгарах химийн бодисууд
№ Материалын нэр Материалаас ялгарах бодисын нэр
1. Винил хавтан болон тааз Фталат эфир
2. Хулдаас C5-C11 альдегид болон хүчлүүд
3. Гуалин зүсэх хавтан Формальдегид ба, бусад альдегидууд, кетоны нэгдэл
4. Цахилгаан кабел Ацетон, диметилбензол
5. Хивс Стирол
6. Будаг Этилен гликол,
7. Будаг шингэлэгч С7-C12 алканууд
8. Будаг арилгагч Метилен хлорид
9. Цавуу Бензол, алкил бензол
10. Чигжээс Кетон, эфир, гликол
11. Цэвэрлэгч Төмрийн хүдэр
Шинээр баригдсан буюу засвар хийгдсэн барилгын лакадсан материал, хулдаас, цавуунаас ойролцоогоор 6 сарын турш химийн нэгдлүүд ялгардаг учраас орон байрны агаарт ДОН-ийн агууламж өндөр байдаг бөгөөд эдгээр нь оршин суугчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх боломжтой бөгөөд энэхүү нөлөөллийн дүн гарах эрүүл мэндийн үр дагаврыг анагаах ухааны нэршлээр “барилгынөвчин“гэж нэрлэдэг.
Зарим дэгдэмхий болон хагас дэгдэмхий органик нэгдлүүдийн хүний биед үүсгэх хурц хордлогын үед илрэх шинж тэмдгүүд болон эрүүл мэндэд гарах сөрөг үр дагаварыг хүснэгт 2-т үзүүлэв.
Хүснэгт 2. Богино болон урт хугацаанд ДОН-ийн хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл
№ Бодисын нэр Хордох замууд Хурц хордлогын үед илрэх шинж тэмдгүүд Эрүүл мэнд үзүүлэх нөлөөлөл
1 Бензол Амьсгалын зам, залгих, арьс ба нүдэнд хүрэх Нүд, арьс, хамар, хоолой үрэвсэх; толгой өвдөх, дотор муухайрах, хөл гуйвах, стрессэд орох; хоолонд дургүй болох, арьс хавагнах, ядрах.
Цочмог лейкеми
Генийг хордуулах
2 Формальдегид
Амьсгалын зам болон арьс салстад хүрэх
Нүд, хамар, хоолой үрэвсэх, ханиалгах, нулимс гоожих
Мэдрэхүйн үрэвсэл
Хамрын хавдар
3 Трихлорэтилен
Амьсгалын зам, арьсанд шингэх, арьс ба нүдэнд хүрэлцэх, залгих
Нүд, арьс цочрох; толгой эргэх; харааны эмгэг өөрчлөлт, ядрах, чичрэх, дотор муухай оргих, бөөлжих; үрэвсэх; зүрхний хэм алдагдах, бие чилэх, бадайрах; элэг гэмтэх; Төв мэдрэлийн системийг гэмтээх, элэг хавдар
4 Фенол Амьсгалын зам, арьсаар нэвчих, залгих, арьс ба нүдэнд хүрэх Нүд, хамар, хоолой үрэвсэх; хоолонд дургүй болох, жин хасагдах, бие сулрах, булчин өвдөх, бие өвдөх, шээс бараан гарах, арьс хөхрөх, элэг, бөөр гэмтэх, арьс түлэгдэх, арьс үрэвсэх, арьсан дээр бараан өнгийн нөсөө үүснэ, чичэргээ, татвалзах, татганах Элэг, бөөрийг гэмтээх, мэдрэлийн эсийг хордуулах
5 Стирол Амьсгалын зам Лейкеми, лимфома, цагаан эсийн генийн гэмтэл, лимфоцит, нойр булчирхайн болон улаан хоолойн хавдар
6 Толуол
Амьсгалах, залгих, арьс ба нүдэнд хүрэх Нүд, хамар, хоолой үрэвсч толгой өвдөх, эргэх болон хордлогын бусад шинж тэмдгүүд Ой санамж муудах, анхаарал сарних зэрэг мэдрэлийн системд сөргөөр нөлөөлөх, өнгө ялгах, сонсох чадвар муудах
7 1,2 Дихлорэтан Амьсгалын зам, залгих, арьс ба нүдэнд хүрэлцэх Нүд, арьс улайх, амьсгалын замын эрхтнүүдийг цочроох Төв мэдрэлийн систем болон элгийг хордуулна
8 Дихлорметан Амьсгалын зам, залгих, арьс ба нүдэнд хүрэх Сэтгэцийн өөрчлөлтийн шинж тэмдгүүд илэрнэ
2013 онд хийгдсэн судалгааны үр дүнгээр орон сууцны шал болон барилгын бусад материалын шинж чанараас хамааран дотоод орчны агаарт ДОН-ийн агууламж ихэссэнээр оршин суугчдын толгой өвдөж ядрах, нүд болон хоолой үрэвсдэгийг тогтоосон байна.
Тухайлбал: Толоулын бохирдолд өртөхөд нүд, хамар, хоолой үрэвсч, толгой өвдөх, эргэх болон хордлогын бусад шинж тэмдгүүд илэрдэг. Судалгаагаар 4.5-7 цагийн турш агаарт 189-566 мг/м3 толоулын агууламжтай өрөөнд байхад эрүүл насанд хүрэгчдийн дунд нүд, хамар, хоолойн үрэвсэл болон толгой өвдөх, толгой эргэх, хордлогын шинжүүд илэрдэг.
Бензолын өртөлт нь бронхит, багтраа болон амьсгаа давчдах зэрэг хүүхдийн амьсгалын замын өвчин үүсэхэд нөлөөлдөг байна.
Монгол Улсад органик болон органик бус бодисын хүлцэх хэмжээг агаарын чанарын MNS 4585:2007 болон MNS 5885:2008 стандартуудаар нормчилсон байдаг. Мөн 2008 оны Барилгын тухай хуулийн 10.1.6-д ... хорт хийн ... бохирдлоос хүрээлэн байгаа орчныг хамгаалах, 11.1-д барилгын материал, бүтээгдэхүүнд тавих шаардлагыг хангасан байх ёстой гэж заасан байдаг.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль (2008)-ийн 31.2-т зааснаар ажил олгогч нь ажлын байр шинээр бий болгох болон тухайн ажлын байрны үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэл, нөхцөл өөрчлөгдөх бүрт химийн хорт болон аюултай бодис агуулсан түүхий эд, материал ашиглан үйл ажиллагаа явуулж байгаа бол жилд 1-ээс доошгүй удаа ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг тус тус хийлгэж байхаар заасан нь ажиллагсдыг ажил мэргэжлийн улмаас тэдгээр хортой нөлөөллөөс сэргийлэх эрх зүйн орчин болж байна.
Гэтэл орон сууцыг шинээр барьсан болон өөрчлөн засварласан барилгыг ашиглалтанд оруулахын өмнө дотоод орчны агаарын чанар болон бусад үнэлгээ хийх талаар эрх зүйн орчин бүрдээгүй бөгөөд ийм үнэлгээ хийгдэхгүй байгаагаас оршин суугчид тэдгээр ДОН болон бусад барилгын материалаас ялгарах хортой нөлөөлөлд өртөх эрсдэлд хүргэж болзошгүй байна.
Цаашид барилга байгууламжийг шинээр барьж, өөрчлөн засварлан ашиглалтанд оруулахдаа дээр дурдсан стандартад заасан дотоод орчны агаар бохирдуулагчийн агууламжид тавих хяналтыг сайжруулснаар хүн амыг химийн хортой бодисын нөлөөлөлд өртөхөөс сэргийлж, эрүүл мэндийн эрсдлээс хамгаалах нөхцөл бүрдэх юм.
Эх сурвалж: Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв
-
2017 оны 1 сарын 25
УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр Төрийн ордонд ээлжит хуралдаанаа хийж, гурван асуудлыг хэлэлцжээ.
-
2017 оны 1 сарын 25
Ардчилсан намын лидерүүдийн нэг Норовын Алтанхуягийн ажил, амьдралын тоололд хамгийн адармаатайд тооцогдох 2016 он улиран одов. Нам нь сонгуульд ялагдсан, өөрөө ч “өвдөг шороодсон”, дотнын нөхөр нь шоронд, ийм нэгэн Н.Аятанхуягийн нэр Монголын нийгмийн онцлох эрхмээр эрэмбэлэгдлээ.
-
2017 оны 1 сарын 25
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас санаачлан томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед 0-5 настай хүүхдийн хэрэглэдэг 10 нэр төрлийн эмийг 100 хувийн хөнгөлөлттэй үнээр олгож байгаа. Тодруулбал, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс 0-5 насны хүүхэд ууж хэрэглэх, нэн шаардлагатай 10 төрлийн 30 эм бэлдмэлийг 100 хувийн хөнгөлөлттэй олгохоор шийдвэрлэсэн.
-
2017 оны 1 сарын 25
7 настайгаа эхлэн хөгжим бүжгийн коллежийн төгөлдөр хуурийн ангид элсэн орж урлагийн гараагаа эхлэж байсан дуучин О.Солонго тоглолтоо хийх гэж байна. Дуучин О.Солонго 9 настайга эхлэн “Mongol TV” телевизийн дэргэдэх “Зул” хүүхдийн хамтлагт дуулж байсан бөгөөд 12 настайдаа Япон улсад зохиогдсон Олон улсын ая дуу зохиогчдын наадамд оролцож “Graind-Prix” шагнал хүртэж байсан. Дуучин О.Солонгын хувьд Япон улсын Токио хотод амьдардаг бөгөөд “CIMS Music studio”-д дуучин, хөгжмийн зохиолч мэргэжлээрээ ажиллаж байгаа аж. Түүний хувьд 2013 оноос хойш сар бүр өөрийн тоглолтоо хийдэг бөгөөд дараагийн тоглолт нь энэ сарын 28-ны өдөр болох юм байна.
-
2017 оны 1 сарын 25
”Транспэрэнси Интэрнэшнл” байгууллагын зүгээс 2016 оны дэлхийн Авлигын төсөөллийн индексийг зарлалаа. Монгол Улсын хувьд 2015 онд 39 оноогоор 168 орноос 72 дугаар байранд орж байжээ. Гэтэл 2016 онд 38 оноогоор 176 орноос 87 дугаар байранд оржээ. Өнгөрсөн оноос 15 байраар ухарсан үзүүлэлттэй байна. Монгол Улстай ойролцоо оноо авсан улс орныг дурдвал Ямайк, Панам, Замби, Колумб, Индонез улсууд байгаа аж.
Энэхүү төсөөллийн индексээр хамгийн сайн буюу 90-ээс дээш оноог Дани, Шинэ Зеланд, Финланд авчээ. Харин сүүлийн байранд Ливи, Судан, Хойд Солонгос, Өмнөд Судан, Самал улс оржээ.
Эдгээр улс хамгийн бага оноо авах хүчин зүйлд мөн л мэдээллийн системийн эрх чөлөө, нийтийн албан тушаалтны ёс зүйн журам гэсэн үзүүлэлт нөлөөлжээ. Харин Монгол Улс авлигын энэ индексээр ухарсаар байгааг анхааруулав.
-
2017 оны 1 сарын 25
Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны “Бүх оддын тоглолт” энэ сарын 26-ны 18:00 цагт Спортын төв ордонд болно.
Тус тоглолтод Монгол Улсын залуучуудын шигшээ баг АНУ болон БНАСАУ-ын легионеруудтай өрсөлдөх юм. Манай залуучуудын шигшээ багийн бүрэлдэхүүнд Тайвань улсад энэ зун болох Дэлхийн “Универсиад” наадамд оролцох тамирчид тоглох юм байна. Тоглолтын үеэр холын зайн мэргэн буучдын шидэлтийн тэмцээн, багийн тэмцээн, ур чадварын тэмцээн зэрэг сонирхолтой арга хэмжээнүүд болох аж.
-
2017 оны 1 сарын 25
Цагдаагийн дэслэгч дөрвөн хүний амь аварчээ. Тодруулбал, өчигдөр өглөөний 08:00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 14-08 тоотод оршин суух иргэн Ц.Найманжингийн эзэмшлийн өвлийн сууцанд гал гарч дотор нь унтаж байсан Д.Алтанзул, Ц.Найманжин, Ц.Есөнжин, Г.Нэргүй нарыг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Г.Ганбаяр галын аюулаас гарган аварсан байна.
-
2017 оны 1 сарын 25
Чөлөөт бөхийн эрэгтэй багуудын 2017 оны Дэлхийн Цомын төлөө тэмцээн ирэх хоёрдугаар сарын 16-17-ны өдрүүдэд Иран улсын Керманшах хотод болно.
Ираны бөхийн холбооноос ДБНХ-той хамтран зохион явуулах уг тэмцээнд оролцох дэлхийн шилдэг 8 багийн нэгээр Монголын багийг урьжээ. Чөлөөт бөхийн багийн дэлхийн аварга гэж нэрлэгддэг энэ тэмцээнд тэмцээнийг зохион байгуулагч Иран улсын багаас гадна Азербайжан, АНУ, Гүрж, ОХУ, Турк, Энэтхэг улсын багууд оролцоно.
Нийслэл Тегеран хотоос баруун өмнөд зүгт 525 км-ын зайд орших Керманшах хотын “Азади спорт цогцолбор”-т болох Дэлхийн Цомын төлөө тэмцээний шагналын сан 50 мянган ам.доллар ажээ. Түрүүлсэн баг 25, хоёрдугаар байранд шалгарсан баг 15, гуравдугаар байранд шалгарсан баг 10 мянган ам.долларын шагнал хүртэнэ.
-
2017 оны 1 сарын 25
Нийслэлийн хэмжээнд амьсгалын замын цочмог халдварын өвчлөл тодорхой хэмжээгээр буурч, дүүргийн эмнэлгүүд хэвийн горимоор ажиллаж байна. Тухайлбал, энэ сарын 24-ний байдлаар, амбулаторийн 83955 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 6325 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 7.5 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн долоо хоногийн дунджаас 1.1 хувиар буурчээ.
Нийслэлийн эмнэлгүүдийн хувьд, нийт батлагдсан 1897 орон дээр 1742 хүн хэвтэн эмчлүүлж буй бөгөөд орны ачаалал хэтрээгүй байна. Шинээр хэвтсэн өвчтөний 110 буюу 38.7 хувийг нь томуу, томуу төст өвчтэй өвчтөнүүд эзэлжээ. Харин нийт өвчлөгсдийн 80.96 хувийг 0-9 насны хүүхдүүд эзэлж байгаа юм.
Хүүхдийн түргэн тусламжийн 1061 дуудлага ирснээс 39.8 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авчээ. Томуу, томуу төст өвчлөлийн хамгийн өндөр үзүүлэлтээр нь авч үзвэл, Багануур дүүрэгт 11.6 хувь, Чингэлтэй дүүрэгт 8.7 хувь, Сүхбаатар дүүрэгт 8 хувийг тус, тус эзэлж байна.
Тиймээс өрхийн эрүүл мэндийн төвүүдийн гэрийн эргэлт үзлэг, утасны зөвлөгөөг сайжруулж, хатгалгаа өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж, бага насны хүүхдийн хоол тэжээлийн талаархи зөвлөгөө, өвчтэй хүүхдийн асаргаа сувилгаа зэрэг нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр хийх ажлуудаа эрчимжүүлэх тал дээр анхаарч ажиллаж байна гэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.
-
2017 оны 1 сарын 25
Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутагт 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ”Шунхлай” ХК-ны шатахуун түгээх станцын талбайд Б-нь Г-тэй марган, улмаар цохиж, хүнд гэмтэл учруулан санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн бөгөөд Баянхонгор аймгийн Прокурорын газраасМонгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.
Аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд шүүхээс 6 удаагийн ял шийтгэлтэй, хүнд гэмт хэрэгт ял шийтгэгдэжбайсан Б-г шүүхээс онц, аюултай гэмт хэрэгтнээр тооцож, 10 жил 6 сар 10 хоногийн хорих ял оногдуулан, ялыг онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
-
2017 оны 1 сарын 25
Тэтгэвэр тогтоолт, олголтыг шалгах аян улсын хэмжээнд эхлүүлэх тухай Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын тушаал гарсантай холбогдуулан Нийслэлийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газрын дарга Г.Болорсүхээс тус аяны талаар тодрууллаа.
-Тэтгэвэр тогтоолт, олголтыг шалгах аяны зорилго юу вэ?
-Тэтгэвэр авагчдын тэтгэврийн тогтоолт, олголтыг шалгах, одоо авч байгаа тэтгэврийн хэмжээг баталгаажуулах, тэтгэвэр авагчдаас гаргасан өргөдөл, хүсэлтийг хүлээн авч шуурхай шийдвэрлэх зорилгоор энэ аяныг улсын хэмжээнд зохион байгуулах шийдвэрийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас гаргасаны дагуу Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын тушаал гараад байна. Энэхүү тушаалын хүрээнд нийслэлийн есөн дүүрэгт өчигдрөөс аяныг хэрэгжүүлэх ажилдаа ороод байна. Нийслэлийн хэмжээнд 150 мянга гаруй тэтгэвэр авагчтай. Нийгмийн даатгалын сангаас болон цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгон авч байгаа эдгээр иргэдийн өргөдөл, хүсэлтийг энэ сарын 16-наас эхлэн хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ. Энэ аяныг хэрэгжүүлэхэд дүүргүүдийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсүүдэд нилээд ачаалал нэмэгдэхээр байгаа ч бид хэлтсийн байцаагч, ажилтнуудыг бүрэн оролцуулан ажиллахаар төлөвлөөд байна.
-Зөвхөн тэтгэвэр тогтоолт, олголтоо шалгуулах өргөдөл гаргасан иргэдийн хүсэлтийг шийдвэрлэнэ гэж ойлгож болох уу.
- Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр, тэтгэмжийн хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль заасны дагуу тэтгэвэр эрх авах эрх зүйн харилцаа үүсч, тэтгэвэр үнэн, зөв тогтоогдсон эсэхийг шалгах юм. Түрээнд хэлсэнчлэн нийслэлийн хэмжээнд тэтгэвэр авч байгаа 153 гаруй иргэний материалыг шалгах том ажил хийгдэнэ гэж ойлгож болно. Шалгалтын явцад хуучирч муудсан хавтастай хувийн хэргийг цэгцлэх ажил мөн хийгдэнэ. Харин өргөдөл гаргасан иргэдийн хувьд ажлын 5 хоногт багтаан шийдвэрлэнэ.
-Тэтгэвэр тогтоолт, олголтыг баталгаажуулах талаар яригдаж байсан энэ ямар учиртай вэ?
-Шалгалтанд хамрагдсан тэтгэвэр авагчийн хувийн хэргийн тогтоолтын хуудас болон тэтгэврийн дэвтрийн арын хуудасны тусгай тэмдэглэл хэсэгт Батламж дардас дарж баталгаажуулна. Дүүргийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсүүдэд тэтгэвэр тогтоолтыг шалгах чиглэл өгөгдсөн. Мөн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар болон манай байцаагчид ажлын хэсэгт орж ажиллаж байгаа. Энэхүү аян гуравдугаар сарын 15-ны өдрийг дуусталх хугацаанд зохион байгуулагдана.
Танд баярлалаа.
-
2017 оны 1 сарын 25
Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотыг Аялал жуулчлалын төв болгох зорилтыг дэвшүүлсэн билээ. Энэ зорилтыг хэрэгжүүлэхээр 10 гаруй ажлыг төлөвлөсөн бөгөөд гадаадын жуулчид, үндэсний соёл урлаг, үзвэр үйлчилгээ үзэх нөхцөл бололцоог бүрдүүлэхийн зэрэгцээ тэдний тав тухтай зорчин ямар нэг эрсдэлд өртөхгүй байх нөхцөлийг хангах нь аялал жуулчлалыг хөгжүүлэх бас нэгэн үйл ажиллагаа болох юм.
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газар гадаадын жуулчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор хамтран ажиллах санамж бичгийг байгуулж байна. Энэ санамж бичгийн хүрээнд
хотын аялал жуулчлалын бүсэд аяллаар ирсэн гадаадын иргэдийг гэмт халдлагад өртөхөөс урьдчилан сэргийлж, жуулчдад үйлчилдэг үйлчилгээний байгууллагуудын ажилчдад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль эрх зүйн чиглэлээр сургалт, семинарыг үе шаттай зохион байгуулж, гарын авлага материалыг хамтран бэлтгэх
Цагдаагийн албан хаагчдын гадаад хэлний мэдлэг, харилцааны соёлыг дээшлүүлэх сургалтыг зохион байгуулж, “Оюутан цагдаа” арга хэмжээг үргэлжлүүлэн явуулах
иргэн, жуулчид ихээр сонирхон оролцож байгаа нийтийг хамарсан арга хэмжээ болон Горхи. Тэрэлжийн амралт, аялал жуучлалын бүс, Туулын голын эргээр хэв журам сахиулах морин, завьт, машинт эргүүлийг аялал жуулчлал, амралтын улиралд тогтмол ажиллуулах
Жуулчны бааз, амралтын газар, шөнийн клуб, ресторан, паб, зочид буудал зэрэг газруудын харуул, хамгаалалтын албаны үүрэг хариуцлагыг өндөржүүлж, зөвшөөрөл, гэрээнд нь гадаадын жуулчдын аюулгүй байдлыг хангахад санаачилгатай ажиллах, такси дуудлага, хаяг байршлын лавлагаа туслалцаа өгүүлж байх үүргийг тусгах, хяналт тавих зэрэг ажлуудыг хамтран зохион байгуулна
Нийслэлийн Аялал жуулчлалын газар нь жуулчны аюулгүй байдлыг хангах гадаадын жуулчдад эрүүл мэнд, онцгой байдлын шуурхай үйлчилгээ үзүүлэх зорилгоор мөн санамж бичгийг байгуулсан байна.
Нийслэлийн Аялал жуулчлалын газар нь Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Монголын Оюутны холбоотой хамтран “Оюутан цагдаа” арга хэмжээг нийслэлийн хэмжээнд 3 дахь жилдээ зохион байгуулсан, цагдаагийн албан хаагчдын гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх сургалт, зочид буудал, жуулчны баазын стандарт, аюулгүй байдлыг хангах сургалт, урьдчилсан хяналтыг хийх зэрэг ажлыг зохион байгуулж ажиллаж байсан гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.
-
2017 оны 1 сарын 25
Монгол Улсын 2017 оны төсвийн хууль батлагдсантай холбогдуулан тодорхой хэмнэлт хийхээр төлөвлөжээ.
-
2017 оны 1 сарын 25
Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийг энэ сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн. Хуульд тусгаснаар 121 мянган ахмадад жилд нэг удаа ”Насны хишиг”-ийг олгохоор болсон. Ингэхдээ 65-69 настай ахмадад 50 мянга, 70-79 настанд 80 мянган төгрөг олгох бол 80-89 настай ахмадад 150 мянга, 90 ба түүнээс дээш настанд 250 мянган төгрөгийн мөнгөн урамшуулал олгохоор тогтсон билээ.
Тэгвэл хуулийг хэрэгжүүлж эхэлсэнтэй холбогдуулан ”Насны хишиг”-ийг хоёр үе шаттайгаар болгохоор болжээ. Эхний ээлжид тодорхой тооны ахмадад cap шинийн баяраас өмнө олгох бол үлдсэн ахмадуудад нь Үндэсний их баяр наадмаас өмнө олгох аж.