-
2017 оны 2 сарын 02
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж буй “Нээлттэй ажлын байр” өдөрлөг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт эхэллээ. Өндөр боловсрол, мэргэжил, мэдлэгтэй, эх орныхоо бүтээн байгуулалтад өөрийн хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзэлтэй залуусыг ажлын байранд урьж байгаа юм. Өдөрлөгт залуус идэвхтэй оролцож байгааг нэгдсэн төвийн ажилтнууд хэлж байлаа. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт очсоноор нийслэлийн харьяа газруудаас санал болгож байгаа ажлын байрны талаарх бүхий л мэдээллийг авах боломжтой юм.
-
2017 оны 2 сарын 02
Эрүүл мэндийн сайдын 2017 оны 01 сарын 31-ны А/48 тоот тушаалын дагуу тусламж үйлчилгээний ачааллыг тэнцвэржүүлэн хүлээгдэл чирэгдлийг багасгах зорилгоор тус эмнэлгийн амбулатори, оношлогооны тасгууд өнөөдрөөс эхлэн оройн 20 цаг хүртэл өдөр бүр 2 ээлжээр ажиллаж эхэллээ. Тус эмнэлэг нь улсын хэмжээний зүрх, мэдрэлийн лавлагаа төв эмнэлгийн хариуцлагатай үүргийг гүйцэтгэн ажилладаг тул дээрхи чиглэлийн үзлэг, оношлогооны хүлээгдэл, дараалал байнгын ачаалалтай байдаг юм.
-
2017 оны 2 сарын 02
Сүхбаатар дүүргийн Өрхийн эрүүл мэндийн 3 төв нийслэлийн хөрөнгө оруулалтаар дуудлага үйлчилгээний шинэ автомашинтай боллоо. Дүүргийн 15, 19 дүгээр хорооны “Гүн мэдрэмж”, 17 дугаар хорооны “Увидаст-Од”, 18, 20 дугаар хорооны “Гэрэлт манал” зэрэг Өрхийн эрүүл мэндийн төвд автомашиныг дүүргийн удирдлагууд өнөөдөр хүлээлгэн өгөв. Ийнхүү дүүргийн алслагдсан гэр хорооллын 28 мянга гаруй иргэнд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ илүү хурдан, хүртээмжтэй хүрэх боломж бүрдэж байна гэж Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.
-
2017 оны 2 сарын 02
Б.Наранбаатар: Монгол Улсаа бага ч болов сурталчилж чадсандаа баяртай байдаг
-
2017 оны 2 сарын 02
Нийслэлийн 22 агентлагт нарийн мэргэжлээр нээлттэй ажлын байр зарлаж, нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав” салбарт өдөрлөг зохион байгуулж байна. Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд 33 агентлаг, нийслэл, орон нутгийн өмчит 40 орчим аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ. Эдгээр байгууллагын үйл ажиллагааны үндсэн чиглэлийг өдөрлөгийн үеэр танилцуулах юм. Өдөрлөг 09.00-17.30 цаг хүртэл үргэлжилнэ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 2 сарын 02
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат Иргэдийн нийтийн хурлаасаа иргэдийн дэмжлэг авч сонгогдсон зарим хорооны Засаг дарга нарт өнөөдөр Батламж гардуулав. Батламж гардуулах арга хэмжээнд Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Oрлогч Ж.Лхагвасүрэн, Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга нар оролцлоо. Дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргаар С.Туяа, 6 дугаар хорооны Засаг даргаар Ч.Болормаа, 7 дугаар хорооны Засаг даргаар Ц.Дуламжав, 11 дүгээр хорооны Засаг даргаар Д.Уянга, 12 дугаар хорооны Засаг даргаар Р.Ганболд, 18 дугаар хорооны Засаг даргаар Б.Насанбат нарыг батламжилж, дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүслээ гэж Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.
-
2017 оны 2 сарын 02
БНХАУ-Д ЗОРЧИХ ИРГЭД ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДОХООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ ЗӨВЛӨМЖ
БНХАУ-ын Эрүүгийн хуулийн 341 дүгээр зүйлд зааснаар Улсын хамгаалттай ховор, ховордсон зэрлэг ан амьтан агнах, эсхүл улсын ховор, ховордсон зэрлэг ан амьтан болон түүний бүтээгдэхүүнийг хууль бусаар худалдах, тээвэрлэх, зарсан тохиолдолд 5 жилээс дээш хугацаатай хорих шийтгэл, мөнгөн торгууль онооно; онц ноцтой нөхцөлд 10 жилээс дээш хугацаатай хорих, мөнгөн торгууль эсхүл эд хөрөнгө хураах шийтгэлтэй.
Ан агнуурын тухай хууль тогтоомж, ангийн хориотой бүс, ангийн хориотой хугацааг зөрчих эсхүл зэрлэг ан амьтны санг сүйтгэсэн тохиолдолд 3 жилээс доош хугацаатай хорих, цагдан хорих, мөнгөн торгууль оногдуулна.
БНХАУ-ын Эрүүгийн хуулийн 151 дүгээр зүйлд зааснаар зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодис, цөмийн материал, хуурамч мөнгөн дэвсгэртийг хууль бусаар хил нэвтрүүлсэн бол 7 жилээс дээш хугацаатай хорих болон мөнгөн торгууль эсхүл эд хөрөнгө хураах шийтгэлтэй, онц хүнд нөхцөлд хугацаагүй хорих эсхүл цаазын ял болон эд хөрөнгө хураах шийтгэлтэй.
БНХАУ-ын экспортлохыг хориглосон түүх соёлын эд зүйл, алт, цагаан алт болон бусад үнэт металл эсхүл улсын импортлож, экспортлохыг хориглосон ховор зэрлэг ан амьтан болон түүний бүтээгдэхүүнийг хууль бусаар хил нэвтрүүлсэн бол 5 жилээс дээш хугацаатай хорих ял мөн мөнгөн торгуулийн шийтгэл онооно; онц ноцтой нөхцөлд 10 жилээс дээш хугацаатай хорих ял эсхүл хугацаагүй хорих шийтгэл мөн эд хөрөнгө хураах шийтгэлтэй.
Ховор ургамал болон түүний бүтээгдэхүүн зэрэг БНХАУ-ын импортлож, экспортлохыг хориглосон бусад эд бараа, хэрэгслийг хууль бусаар хил давуулсан бол 5 жилээс дээш хугацаатай хорих ял мөн мөнгөн торгууль онооно.
Байгууллага тус зүйл заалтыг зөрчсөн бол байгууллагад мөнгөн торгууль тавина мөн түүний шууд хариуцагч болон бусад шууд бус этгээдэд энэ зүйл заалтын дагуу шийтгэл онооно.
БНХАУ-ын Гаалийн тухай болон Эрүүгийн хуульд “20.000 юань буюу 5000 ам доллараас дээш валют”-ыг тус улсын хилээр нэвтрүүлэхийг хориглодог бөгөөд хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан тохиолдолд хурааж, гарал үүслийг шалгах /ажлын 5 хоног/, мөнгөн дүнгийн 9%-тай тэнцэх хэмжээний валютаар торгодог. Хэрэв нэвтрүүлэх шаардлагатай тохиолдолд “тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хилээр нэвтрүүлэх, гаалийн мэдүүлэг бөглөх, дансаар шилжүүлэх /бэлэн мөнгө/ зэрэг хуулийн заалттай байдаг.
ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ
КОНСУЛЫН ГАЗАР
-
2017 оны 2 сарын 02
”Өнөөдөр Ус, намгархаг газрын дэлхийн өдөр”
1971 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Иран улсын Рамсар хотноо Каспийн тэнгисийн эрэгт “Ус намгархаг газрын тухай конвенц”-ийг баталсан тул энэ өдрийг Ус , намгархаг газрын дэлхийн өдөр болгон жил бүр тэмдэглэдэг уламжлал тогтжээ. Монгол Улс 1998 онд Ус, чийг, намгархаг газрын тухай Рамсарын Конвенцид нэгдэн орсон. Энэхүү Конвенциор ус, чийг, намгархаг газар нутгийг биологийн олон янз байдлыг нийтэд нь хадгалан хамгаалах болон хүн төрөлхтний нийгмийн сайн сайхан оршин тогтнохуйд нэн чухал ач холбогдолтой экосистем гэдгийг хүлээн зөвшөөрдөг. 2016 онд Ус чийг намгархаг газрын Дэлхийн өдрийг “Ус намгархаг газар бидний ирээдүй-Тогтвортой амьжиргаа” гэсэн сэдвийн дор тэмдэглэх гэж байна. Ирээдүйд хүн төрөлхтний ялангуяа тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад ус намгархаг газар чухал үүрэгтэйг харуулахын тулд энэ сэдвийг сонгосон. Тэрбум гаруй хүн ус намгархаг газрын экосистемийн бүрэлдэхүүн хэсэг болон амьдарч байна.
-
2017 оны 2 сарын 02
Замын цагдаагийн алба хаагчид гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан 20 жолоочийг илрүүлэн саатуулж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилалаа.
2017 оны 2 дугаар сарын 01-ний өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 273 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 215 дуудлага бүртгэгдсэн. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 5 бүртгэгдэж, 6 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд сургуулийн насны 1 хүүхэд өртсөн.
Тухайлбал: БГД-ийн нутаг Модны 2-н зүүн уулзварт амины T.Pruis маркийн автомашины жолооч М нь явгшан зорчигч 13 настай Х-г мөргөж гэмтээсэн.
-
2017 оны 2 сарын 02
Нэмэгдсэн өртгийн албан татварын 2016 оны буцаан олголт өнөөдрөөс эхлэн иргэдийн дансад орж эхэллээ.
Иргэд мэдээллээ үнэн зөв бөглөн ebarimt.mn сайтад бүртгэлээ баталгаажуулсан иргэдэд эхний ээлжинд энэ сард багтаан буюу цагаан сараас өмнө олгож эхэлнэ хэмээн Татвaрын ерөнхий газраас мэдээлж байсан билээ.
Та дээрх цахим хуудсанд нэвтрэн, овог нэр, регистерийн дугаар, буцаалт авах банк, данс, цахим хаяг болон утасны дугаараа бичих ёстой. Гэтэл зарим иргэн регистерийн дугаараа буруу бичиж, дансны дугаарын оронд картын дугаарыг бичсэн байна.
Еbarimt.mn-д өнгөрсөн жил бүртгүүлсэн 620 мянган иргэн нийт 35 тэрбум төгрөгийг энэ онд нэг удаа авна.
-
2017 оны 2 сарын 02
МУИС-ийн оюутны төлөөллийг өнөөдөр /2017.02.01/ БСШУСЯ-ны Боловсролын бодлогын газрын дарга Д.Эрдэнэчимэг, Хуулийн хэлтсийн дарга П.Чулуунбаатар нар хүлээн авч уулзлаа. МУИС оюутнуудаасаа улиралд 112 мянган төгрөг, жилд 224 мянган төгрөг, магистрт суралцаж буй хүмүүсээс жилдээ 336 мянган төгрөгийг хураамж болгон авдаг байна. Үүнийг цэвэрлэгээ, үйлчилгээ, интернетийн холболт зэрэгт ашиглаж байгааг хууль бус үйлдэл хэмээн үзэж оюутнууд жагсаж байгаа аж.
МУИС-ийн “Оюутны холбоо”-ны тэргүүн Ц.Хасбаатар уулзалтын үеэр хэлэхдээ “Оюутнуудаас суурь хураамж авч буй нь хуульд нийцэхгүй байгаа нь аудитын шалгалтаар илэрсэн. МУИС-ийн оюутнууд тав дахь жилдээ сургалтын төлбөрөөс гадна суурь хураамж төлж байна. Хамгийн гол нь биднээс авч буй мөнгөө үр ашигтай зүйлд зарцуулж байвал эсэргүүцэх шаардлагагүй юм. Гэтэл сургуулийн захиргаа оюутнуудаас хурааж авсан мөнгөө юунд зарцуулж байгааг огт тайлагнадаггүй. Бидний хүсэлтийг аргацаасан хариулт өгсөөр удаж байна” гэв. МУИС-ийн 2012-2015 оны төсөв, санхүүгийн нөхцөл байдал түүний зарцуулалт, гүйцэтгэлд Үндэсний аудитын газар өнгөрсөн онд шалгалт хийжээ. Улмаар аудитын газраас суурь хураамжийг хуульд нийцэхгүй байна хэмээн дүгнэлт гаргаж, зөрчлийг арилгахыг сургуулийн удирдлага, Удирдах зөвлөлд хүргүүлсэн байна. БСШУСЯ-ны Боловсролын бодлогын газрын дарга Д.Эрдэнэчимэг “Өнөөдөр БСШУСЯ-ын сайд оюутнуудын болон сургуулийн “Багш нарын холбоо”-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа. Бид оюутнуудынхаа санал, хүсэлт, эрх ашигт хүндэтгэлтэй хандах ёстой. Тиймээс ч шаардлагыг нь хүлээн авч холбогдох арга хэмжээг хэрэгжүүлнэ. МУИС-ийн суурь хураамж бол төлбөрийн бүрэлдэхүүн хэсэгт хамаардаг. Сургалтын төлбөрийг Удирдах зөвлөлийн хурлаар шийдвэрлэдэг. МУИС-ийн Удирдах зөвлөл өчигдөр /2017.01.31/-нд хуралдаж, суурь хураамжийн асуудлаар ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэгт оюутан, багш нарын төлөөлөл багтсан. Хамтдаа асуудлыг хэлэлцэж, хамтдаа шийдвэрлэнэ” гэв.
-
2017 оны 2 сарын 02
Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр хоёрдугаар сарын 2-ны өдөр нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав” салбарт нээлттэй ажлын байрны өдөрлөг зохион байгуулна. Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх, бүтээн байгуулалтын ажилд иргэдийн оролцоо, залуучуудын мэргэжил боловсрол, мэдлэг чадварыг татан оролцуулах шаардлагатай байгаа юм. Тиймээс Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад нэн шаардлагатай мэргэжил эзэмшсэн болон суралцаж байгаа залуусыг “Нээлттэй ажлын байр” өдөрлөгт оролцохыг урьж байна.
Нээлттэй ажлын байрны өдөрлөгийн хүрээнд зарлагдсан нарийн мэргэжлийн нэр
Хотын хөгжлийн инженерчлэл (Urban Development Engineering):
Авто замын барилгын инженер
Давхар, зам гүүрийн инженер
Хөдөлгөөн зохион байгуулалтын инженер
Барилгын инженер (LIRA-CAПP, MONOMAX-CAПP зэрэг барилгын тооцооны програм, AUTOCAD барилгын зургийн програм, MICROSOFT OFFICE програмыг эзэмшсэн)
Хот төлөвлөлтийн эдийн засагч
Хотын нийтийн тээврийн инженер (BRT)
Эко хороолол, орон сууцны инженер
Үерийн далан сувгийн инженер
Мэдээллийн технологийн инженер (System admin, Unix, Red Hut, сүлжээний manage төхөөрөмж, сүлжээ хамгааллын төхөөрөмж дээр ажиллах чадвар-тай. Java, My SQL програмчлалын хэлний мэдлэгтэй, кодчлох загвар (Demo) бэлдэх)
Олон нийтийн бодлого боловсруулалт (Public Administration):
Хотын менежментийн менежер
Үл хөдлөх хөрөнгийн менежмент
Инновацийн удирдлага
Гэрээ, эрхийн мэргэжилтэн (FIDIC сургалтын гэрчилгээтэй)
Төслийн удирдлага (Project Management Professional)
Хотын социологич
Хотын патентчин
Event management (Жуулчдад зориулсан арга хэмжээ зохион байгуулах)
Хотын хүрээлэн буй орчныг сайжруулах бодлого боловсруулалт (Improvement of Urban Environment Policy):
Сэргээгдэх эрчим хүчний инженер
Хог хаягдлын дахин боловсруулалтын инженер
Дендерлогич
Ногоон байгууламжийн төлөвлөгч
Цэвэрлэх байгууламжийн технологич - инженер
Байгаль орчны эрсдлийн удирдлага
Санхүү, эдийн засгийн бодлогын менежмент (Fiscal Policy Management):
Хотын санхүүч
Хотын эдийн засагч
Олон улсын мэргэшсэн аудитор
Нээлттэй ажлын байрны өдөрлөгийн үеэр харьяа агентлаг, нийслэл болон орон нутгийн өмчит газруудын мэдээ мэдээллийг нэг дороос авах боломжтой аж. Нийслэл хотын бүтээн байгуулалтад нэн шаардлагатай нарийн мэргэжлийг эзэмшсэн, одоо эдгээр мэргэжлээр магистрт суралцаж байгаа нийслэл хотынхоо бүтээн байгуулалтад гар бие оролцох хүсэл эрмэлзэлтэй залуус www.ulaanbaatar.mn албан ёсны цахим хуудас дахь “Нээлттэй ажлын байр” цонхыг дарж анкетаа бөглөн мэдээллийн санд бүртгүүлэх боломжтой юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 2 сарын 01
Монголчуудын бахархал болж чадсан юм шүү, дүү минь
Монгол түмний хайртай хүү, бахархалт дүү минь таалал төгссөн тухай харамсалтай мэдээг мэдэх тэр мөчийг үгээр илэрхийлж чадашгүй нь. Наргианч зан, дотно инээмсэглэл, дотор минь хургасан тэр л сайхан төрх, он жилүүд кино хальс шиг зурайн харагдах шиг болсоон. Үгүйлэн хайрлах гашуун мэдрэмж сэтгэл эзэмдэж, одоо ч итгэж өгөхгүй л байна. Хорвоо хатуугаас хатуу юм даа. Сэтгэл зүрхэнд минь үүрд мөнх хоногшиж, биднийг дурсамж минь хамт байлгах болно.
2000 оноос бидний холбоо эхэлсэн юм. АХүчитбаатар маань 2000 оны дөрөвдүгээр сард Японы Хөдөө аж ахуйн их сургуульд оюутан солилцооны шугамаар элсэж, сургуулийнхаа сүмогийн клубт хичээллэх болсноор багш шавь, ах дүү болцгоосон билээ. Түүний амжилт чамлахааргүй их. 2002 оны долоодугаар сард анх удаа мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд барилдсан төдийгүй дээд зиндаанд нийт 548 ялалт байгуулж, 84 башёд барилдсан байна. Бас шаггүй жүдоч. Тийм ч учраас уран барилдаанч болохын зэрэгцээ 2007 оны гуравдугаар сард мэргэжлийн сүмо дахь хамгийн өндөр амжилтаа гаргаж зүүний комүсүби цолонд хүрсэн юм.
Арлын Япон оронд эх орноо төлөөлөн барилдсан олон аавын хөвгүүдийн түүчээ байж, монголчуудын бахархал болж чадсан юм шүү, дүү минь. Токитэнкү А.Хүчитбаатарын ар гэр, найз нөхөд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Ум сайн амгалан болох болтугай.
ХҮНДЭТГЭСЭН: СУМО БӨХИЙН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ КЁКШҮЗАН Д.БАТБАЯР
-
2017 оны 2 сарын 01
Ядуу иргэд, малчдад зориулсан төслийг үргэлжлүүлнэ
Монгол Улсын Засгийн газар, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн хооронд байгуулах “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын төсөл”-ийн Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг дэмжиж, УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр боллоо.
9.06 сая ам.долларыг өмнө нь төсөлд хамрагдсан аймаг, сумдад нэмүү өртөгийн сүлжээ бий болгох замаар ядуу иргэд болон малчдын амьжиргааг сайжруулж ядуурлыг бууруулахад зарцуулахаар төлөвлөж байна.
Өмнө нь буюу 2011-2016 онд Архангай, Булган, Говь-Алтай, Хөвсгөл, Хэнтий аймгийн 89 суманд энэ төслийг хэрэгжүүлж малчдын 120 бүлэг, эмэгтэйчүүд давамгайлсан 455 бүлэгт дэмжлэг үзүүлжээ.
Үргэлжлүүлэн хэрэгжүүлэх төслийн хүрээнд нийгмийн хариуцлага, хамтын оролцоонд тулгуурлан бэлчээрийн зөв ашиглалт бий болгож бэлчээрийн даац, багтаамжийг хянаж үнэлэх юм. Мөн хөдөө аж ахуйн түүхий эд, материалын үнийг нэмэгдүүлэх, малчид, эмэгтэйчүүдийн бүлэгт санхүүгийн болон санхүүгийн бус дэмжлэг үзүүлэх, худалдан авагч, үйлдвэрлэгчидтэй холбохоор төлөвлөж байна.
9.06 сая ам.доллар нь 1.25 хувийн хүүтэй, 25 жилийн хугацаатай /үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 5 жил/ бөгөөд үйлчилгээний шимтгэлийн хэмжээ нь 0,75 хувь байх юм.
Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк дахь хувь оролцоогоо нэмлээ
Дэлхийн банкны группийн Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк дахь Монгол Улсын ерөнхий хувь оролцоог тус бүр нь 120,635 ам.долларын нэрлэсэн үнэ бүхий 143 хувьцаагаар, тусгай хувь оролцоог 71-ээр нэмэгдүүлэхээр тогтлоо.
Ингэснээр хоёр том хөрштэй, далайд гарцгүй манай орны хувьд идэвхтэй гадаад бодлого баримталж, олон улсын санхүүгийн байгууллагуудаар дамжуулан дэлхийн эдийн засагт эзлэх байр сууриа бэхжүүлэх урт хугацааны зорилтоо хэрэгжүүлэх, олон улсын банк, санхүүгийн байгууллагаас хөнгөлөлттэй санхүүжилтийн эх үүсвэрийг түлхүү ашиглах боломж бүрдэнэ.
Банкны хувь оролцоо нь гишүүн орнуудын саналын эрх, тус банкнаас авах санхүүжилтийн дээд хэмжээг тогтоох үндэслэл болдог бөгөөд манай улс 0.06 хувийн саналын эрхтэй болж байна.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг өргөн барина
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийн үзэл баримтлал болон төслийг дагаж өөрчлөлт орох, шинээр боловсруулах хуулиудын төслийг дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Манай улсад зөрчил шалган шийдвэрлэх чиг үүргийг цагдаа, гааль, татвар, мэргэжлийн хяналт, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Нийгмийн даатгал зэрэг байгууллага хэрэгжүүлдэг. Эдгээр байгууллага Захиргааны хариуцлагын тухай, Төрийн хяналт шалгалтын тухай, Өрсөлдөөний тухай, Гаалийн тухай болон Татварын ерөнхий хууль зэрэг хуулийн хүрээнд ажилладаг юм.
Гэвч энэ нь давхардал, хийдэл, зөрчил үүсгэж, улмаар салбарын хүрээний дүрэм, журмаар хүний эрхийг хязгаарлаж байгаагаас зөрчил шалган тогтоох болон шийтгэл ногдуулах нь харилцан адилгүй, тэнцвэргүй байдал бий болгожээ.
Нөгөө талаар салбар бүр өөрийн онцлог нэрийн дор зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны өөр өөр стандарт тогтоон хэрэгжүүлж байгаа гажуудал ч гарсаар байна. Тухайлбал Захиргааны хариуцлагын тухай хуульд зөрчлийг 14 хоногт багтаан хянан шалгахаар заасан бол Өрсөлдөөний тухай хуульд 60 хоногт гэж тусгасан нь зөрчил үүсгэж байгаа юм.
Энэ бүхнээс үүдэн Үндсэн хууль болон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөөг дээдлэн хүндэтгэх, хууль тэгш үйлчлэх зарчмыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хэрэгжүүлэх үүднээс Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулсан байна.
Хууль батлагдсанаар зөрчилд хариуцлага хүлээлгэх эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагааг нэгдсэн байдлаар тогтоон иргэд, хуулийн этгээдийн эрх ашиг зөрчигдөхөөс хамгаална гэж Хууль зүй, дотоод хэргийн яам үзжээ хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 2 сарын 01
Дэлхийн банктай хамтарч төсөл хэрэгжүүлнэ
Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөх нь зүйтэй гэж үзлээ.
Ассоциацаас манай улсад 2015-2017 онд хуваарилсан 79 сая ам.долларын зээлийн эх үүсвэрийг Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт тусгасан байна. Энэ дагуу ажил эрхлэлтийг дэмжих, макро эдийн засаг, санхүүгийн салбарын хууль эрх зүйн орчинг бэхжүүлэх, эрчим хүчний түгээх чадавхийг сайжруулах, сэргээгдэх эрчим хүчээр баруун бүсийн эрчим хүчний хэрэгцээг хангах зэрэг төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд зарцуулахаар төлөвлөжээ.
Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци нь гурван жил тутам гишүүн орнуудад санхүүжилтийн эх үүсвэр хуваарилж, хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрөө тохиролцдог юм.
-
2017 оны 2 сарын 01
Сүүлийн 3 сарын хугацаанд Дорнод аймаг, нийслэлд техникийн болон спиртэнд суурилсан ахуйн хэрэглээний бүтээгдэхүүний хордлогоор 9 хүн амь насаа алдаж, 15 хүн хэвтэн эмчлүүлсэн байна.
Мэргэжлийн хяналтын байгууллагын судалгаагаар архи, согтууруулах ундааны үйлдвэрлэл, үйлчилгээ хэт өндөр, тухайлбал архи, согтууруулах ундаа худалддаг, түүгээр үйлчилдэг цэг сумын төвүүдэд гэхэд хамгийн багадаа 20 байгааг тогтоожээ.
Иймд 2017 онд багтаан согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхлэгчдэд атестатчилал явуулж, үр дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо. Мөн “Согтууруулах ундаа хэрэглэх, худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох журам”-ыг шинэчлэх, импортоор оруулж ирж буй техникийн болон спиртэн суурьтай ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнний хаяг, шошгыг олон улсын стандартад нийцүүлэх, энэ төрлийн бүтээгдэхүүний үйлчилгээ, худалдаанд хяналт тавьж ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгов.
-
2017 оны 2 сарын 01
“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд АНУ-ын “Гилеад Сайнс” компаниас буцалтгүй тусламжаар нийлүүлж буй 928,110 ам.долларын өртөг бүхий 3000 хайрцаг “Харвони” эмийн гаалийн болон НӨАТ болох 354,0 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо.
Элэгний С вирусыг эмчлэх “Харвони” эмийн нэг курсын өртөг нь дэлхийн зах зээл дээр 94 мянган ам.доллар бөгөөд манай улсын хувьд “Хүртээмж” төслийн хүрээнд АНУ-ын “Гилеад Сайнс” компаниас 900 ам.долларын, мөн ийм нэршлээр БНЭУ-ын 4 үйлдвэрлэгчээс 150-250 ам.долларын өртөгтэйгөөр авч байгаа юм. Харин 2016 оны 12 дугаар сараас эхлэн Засгийн газар шийдвэрийн дагуу уг эмийг худалдан авахад Эрүүл мэндийн даатгалын сангаас 210 мянган төгрөгийн хөнгөлөлт үзүүлж байна.
АНУ-ын “Гилеад Сайнс” компани нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өвчлөл өндөртэй, бага орлоготой иргэдийн дунд хэрэгжүүлдэг хөтөлбөрийнхөө дагуу Архангай аймгийн 45-60 насны С вирусын халдвартай иргэдэд “Харвони” эмийг үнэ төлбөргүй олгохоор шийдвэрлэсэн юм. Иймд буцалтгүй тусламжаар нийлүүлж буй 3000 хайрцаг эмийн холбогдох татварыг Засгийн газрын нөөц сангаас гаргаж, Архангай аймагт холбогдох хууль журмын дагуу, мэргэжлийн эмчийн хяналт дор иргэдэд хүргэх ажлыг зохион байгуулахыг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгт даалгалаа.
Судалгаагаар манай улсад гепатит С вирусын идэвхтэй халдвартай 130 мянга орчим, нэн тэргүүн ээлжинд эмчилгээнд хамруулах шаардлагатай 52.5 мянган иргэн байдаг байна.
-
2017 оны 2 сарын 01
Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд байгуулсан Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд олгох 40 сая еврогоор дараах төслүүдийг санхүүжүүлэхээр болов. Үүнд, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт, гэр хорооллын утааг бууруулах чиглэлээр нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт дэд бүтцийн шинэчлэл хийх, “Тайшир-Алтай усан хангамжийн төсөл”-д, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн тоног төхөөрөмжийг шинэчлэхэд зарцуулахаар боллоо.
Эдгээр төслийн санхүүжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох сайд нарт даалгалаа. Хэлэлцээрийн хүрээнд олгох 40 сая евро нь 18 жилийн хугацаатай, хүүгүй, эхний таван жилд зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй юм.
-
2017 оны 2 сарын 01
Эрүүгийн хэрэг шалгах, шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдон боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
Төсөлд, хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах, хуулийн байгууллагуудын ажлын уялдааг сайжруулах, хариуцлагыг өндөржүүлэх талаар тодорхой заалтууд оруулсан байна. Тухайлбал, сэжигтнийг баривчилж цагдан хорих хугацаа 72 цаг байсныг 24 цаг болгохоор төсөлд тусгажээ. ШШГЕГ-ын судалгаагаар 2014 онд 1863 хүнийг баривчилснаас 650 хүнийг 72 цагийн хугацааг нь дуусгаж байж баривчлах байрнаас суллажээ. Харин 913 хүнийг 14 хоног хорьсон ч, тэднээс 300 хүнийг нь л яллагдагчаар татаж үргэлжлүүлэн хорьсон байна.
Гэм буруугаа сайн дураар хүлээсэн, учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан, хэргийн талаар ямар нэг маргаан гаргаагүй, шүүхэд мэтгэлцэх шаардлагагүй гэж яллагдагч үзсэн тохиолдолд шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж болохоор төсөлд заажээ. Өмгөөлөгчийн явуулах үйл ажиллагааны цар хүрээг өргөтгөх, оролцоог нэмэгдүүлэх, эд зүйл, хөрөнгийн үнэлгээний талаар гардаг маргааныг цэгцлэх, гэрч, хохирогчийг хамгаалах зорилгоор тэдний дүр төрхийг халхавчлах, төхөөрөмж ашиглан дуу, хоолойны өнгийг өөрчлөн шүүхийн танхимд заавал байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж болох талаар хуулийн төсөлд тусгажээ.
Мөн прокуророос эцэслэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг дахин мөрдөн байцаалт хийлгэхээр шүүхээс буцаадаг зохицуулалтыг халахаар хуулийн төсөлд тусгасан байна.
-
2017 оны 2 сарын 01
2016 оны НӨАТ-ын буцаан олголтын урамшуулал олгоход иргэн таны мэдээлэл ebarimt.mn цахим хуудсанд бүрэн гүйцэд бүртгэгдсэн байх шаардлагатай. Иймд иргэн Та буцаан олголт авах дансны мэдээллээ ebarimt.mn цахим хуудас руу орж шалгаарай.